Шууд Chart

В.Я. Маргарита: Монголд үзсэн анхны цаснаар нөхрийн эсгий гутал аминд орж билээ

2014-10-31 12:09:13

Манай улсад гадаадын иргэд нэлээдгүй аж төрдөг. Тэдгээрийн дунд орос үндэстэн олон. Энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа Волкова Яковлевна Маргаритаг урилаа. Тэрбээр Монголд суурьшаад өдгөө 55 дахь намартайгаа золгож байгаа аж. 21-хэн настай бүсгүй хэлийг нь мэдэхгүй, хамаатан садан байхгүй улс руу хайр сэтгэлээрээ жигүүр хийн ирсэн гэдэг. Москвагийн техникумд байхдаа насны хань н.Юндэнтэйгээ учирч түүнийг даган эх орныг нь зорихдоо “Ямар ч зүйл тохиолдсон заавал энэ улсад амьдрана аа” хэмээн сэтгэл шулуудсан ажээ.

-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Үнэхээр таатай байна. Намайг Волкова Яковлевна Маргарита гэдэг. Залуу байхад минь Рита гэж дууддаг байлаа.

-Монголд анх хэзээ ирэв. Одоо ч бараг л монгол хүн болжээ?

-1959 онд 21 настай залуухан охин Монголд анх ирж байлаа. Тэр цагаас хойш 55 жил болсон байна. Тавь гаруй жил Монголд амьдарлаа, дээр нь монгол хүнтэй гэрлэсэн болохоор тэгж санагдаж байгаа байх.

-Монгол залууг амьдралынхаа ханиар сонгох болсон “түүх”-ийг сонирхож болох уу. Нөхөртэйгөө анх танилцаж байсан үеэ дурсвал?

-Миний амьдралын л явах ёстой зураг нь байлгүй дээ. Оросод сурч байхдаа л нөхөртэйгөө танилцаж байлаа. 1956 он юм уу даа. Бид 2006 онд алтан хуримаа хийсэн. Түүнээс хойш өдийг хүртэл гэхээр 57 жил бие биенээ түшиж, жаргал зовлонгоо хуваалцсан байна. Өнгөрсөн онд хань минь өвчнөөр тэнгэрт заларсан. Москвагийн Мах хөргөлтийн техникумын оюутан байхдаа ханилж, хүүхэдтэй болсон бидэнд нэг өрөө байр гаргаж өгч амьдруулж байсан. Жаргалтай, зовлонтой олон л үеийг оюутны амьдралдаа үзсэн дээ. Том хүү маань Оросод төрсөн болохоор Оросын харьяатай. Удаах хүү гурван жилийн дараа мэндэлсэн.

-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй билээ?

-Гурван хүү, нэг охинтой. Хөвгүүд маань хоорондоо гурав гурван насны зөрүүтэй. Харин хамгийн бага охин маань бага ахаасаа зургаан насаар дүү. Том хүү маань оросын харьяатай учраас Москвад амьдардаг байлаа. Одоо бурхан болсон. Удаах хүү бас л Оросод сургууль төгсөж, одоо 53 настай болж байна. Түүний дараагийн хүү маань мөн л мөнх бусыг үзүүлсэн. Бага охин Таня минь одоо 45-тай. Төрүүлсэн хүүхдүүдээс минь хоёр нь л миний дэргэд үлдэж дээ.

-Одоогоос 50 гаруй жилийн өмнө монгол айлд бэр болж байж. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцвал. Хэл ойлголцохгүй хүмүүстэй хэрхэн харилцаж байв даа?

-Манай хадам аав, ээж их сайхан хүмүүс байсан. Өөрийн нэг хүүхдээ ирж байгаа юм шиг халуун дотноор угтаж, би гэдэг хүн нэг их зоволгүй монгол айлд бэр орсон доо. Тэр үед том хүү маань төрчихсөн байсан болохоор бүр ч асуудал гараагүй байх. Би чинь эхний гурван жил хэлгүй юм шиг л байдаг байлаа. Монгол хэл огт ойлгохгүй. Намайг ярихаар монгол хүмүүс ойлгохгүй. Тэгээд л гурван жилийн дараа гэнэт хэлд орж байгаа юм шиг ярьж эхэлсэн. Гэхдээ одоог хүртэл бичиж, уншихдаа тааруухан. Анх бэр болж байхад хадам аав, ээж, ах, эгч нар намайг ерөөсөө гадаад хүн гэж ялгаж байгаагүй. Би ч тэднээс суралцахын тулд их хичээдэг байлаа.

-Монгол аав, ээжүүд хүүхдүүддээ ёс заншлын талаар их зааж сургадаг. Танд хадмууд чинь ёс заншлын талаар зааж байв уу?

-Ерөөсөө тиймэрхүү зүйл зааж байгаагүй. Зүгээр надад их тусладаг хүмүүс байсан. Ёс заншлыг би бүр сүүлд суралцсан. Одоо гайгүй ёс мэднэ шүү.

“Би заавал Монголд үлдэнэ” гэж боддог байлаа

-Анх ирээд хаана амьдарч, ажилладаг байв?

-Оросоос ирчихээд би “Сүүний завод”-д машинистаар, манай нөхөр тус заводын хөргөлтийн цехийн даргаар ажиллаж байсан. Хадмынхаа хашаанд жижигхэн байшинд амьдардаг байлаа. Би анх 1959 оны зургаадугаар сарын 29-нд Монголд ирж байсан. Наадмын өмнөхөн гэсэн үг шүү дээ. Гэтэл яг наадмаар цас будраад хүйтэрсэн. Би бүр даараад нөхрийнхөө эсгий гутлыг өмсөөд явж байлаа шүү дээ. Намрын хуйсагнуур салхи үлээгээд л, хүйтрээд хүү бид хоёр даараад ханиад хүрээд бүр болохоо больсон. Уг нь сүүний заводын ажилчдад байр өгдөг байсан л даа. Гэхдээ бид нарт өгөөгүй. Хариуцдаг дарга нь хөдөө явсан байсан болохоор тэр байх. Тэр үед бид хоёроос гадна бас байргүй хоёр хүн байсан чинь тэд хотын захиргаан дээр очоод “Сүүний заводод чинь бид хоёроос өөр байргүй хүн алга” гээд байртай болчихсон байгаа юм. Гэтэл бид хоёрт байдаггүй. Даргыг ирэхээр нь хүсэлтээ тавьсан чинь “Одоо орон сууцыг Ю.Цэдэнбал даргын гарын үсэгтэй өгдөг болсон” гэдэг байгаа. Тэгэхээр нь би Ю.Цэдэнбал даргатай уулзах гэж очсон. Намайг уулзуулаагүй л дээ. Гэхдээ нарийн бичгийн дарга нь “За чи битгий санаа зов. Хамгийн түрүүнд та нарт байр өгнө өө” гэж байсан. Тэгээд л 1961 онд бид 50 мянгатад нэг өрөө байртай болсон доо. Сүүлд нь манай хүнийг Ю.Цэдэнбал дарга өрөөндөө дуудаад “Иймэрхүү юманд дахиад эхнэрээ явуулаад үзээрэй чи” гэж донгодож байсан гэдэг. Тэр үед ч цаг сайхан байжээ. Тэгээд 1964 онд нөхөр маань Одес хотын их сургуульд сурахаар явж, би гурван хүүтэйгээ үлдсэн дээ.

-Нөхрийгөө сурахаар явсны дараа хүний нутагт ганц эмэгтэй хүн хөвгүүдээ өсгөж, хүмүүжүүлэх гэж нэлээдгүй зүдэрсэн байх?

-Харин ч гайгүй шүү. Хадам аав, ээж маань сайхан хүмүүс байсан болохоор надад их тусална. Манай хүн айлын ууган хүү болохоор дүү нар нь ч тусалдаг байлаа. Ер нь социализмын үед чинь ямар ч айл өдөрт махтай лапша иддэг байсан юм шүү. Бүгдээрээ ажилтай, хүүхдүүд нь сургуультай байлаа. Одоо бол хэцүү байна. Зарим айл хэдэн сар мах идсэнгүй гэж байх юм. Зарим хүүхдүүд сургуульгүй, ажилгүй байна. Яг үнэндээ эхлээд надад хэцүү байдаг байлаа. Хэл мэдэхгүй, хүн танихгүй. Гэхдээ ирээд Сүүний заводод ажиллах болсноос хойш хамт олон минь их сайхан харьцана. Мэдэхгүй зүйл гарвал зааж сургана. Тэр үеэс найзласан найзууд маань одоог хүртэл хамт байгаа.

-Найз гэснээс таны найзуудын олонхийг монгол эмэгтэйчүүд эзлэж байна уу, орос эмэгтэйчүүд эзлэж байна уу?

-Ер нь орос гэхээсээ илүү хамт ажиллаж байсан монгол хүүхнүүдтэйгээ одоо холбоотой байгаа. Орос найз гэж бараг байхгүй болсон доо. Нэг хөгшин байдаг. Гэхдээ сайн танихаас цаашгүй.

-Залуу хүн эцэг, эх, хамаатан саднаа орхиод гарахдаа яг юу бодож байв?

-“Дэлхий дахины хүмүүс тархан амьдарч болоод байхад би яагаад чадахгүй гэж. Заавал энэ улсад амьдарна даа. Ямар ч зүйл тохиолдсон буцахгүй шүү” гэж бодож байсан. Би ер нь тийм хэнэггүй нөхөр юм шиг байгаа юм.

-Монголд ирснээсээ хойш нутагтаа хэр олон удаа очив?

-Монгол ирснээс хойш таван жил огт яваагүй. Түүнээс хойш жил болгон явж чадаагүй ч хэд хэдэн жилийн зайтай явдаг байлаа. Том хүү Оросын харьяатай учраас Москвад үлдэж, Чихрийн үйлдвэрт ажилладаг болсон. Нөхөр бид хоёр өөрсдийн мэргэжлээ том хүүдээ эзэмшүүлэх санаатай тэр шүү дээ. Тэгээд чихрийн үйлдвэрт нэлээд олон таньдаг хүн байдаг учраас хүүгээ тэнд мэргэжилтнээр оруулсан. Энд байхдаа хүү дээрээ хэд хэдэн удаа очсон. Хүү маань 2001 онд нас барснаас хойш огт явсангүй дээ. Одоо Оросод намайг угтах ойр дотны хүн байхгүй болсон. Би айлын бага охин. Аав, ээжээсээ гурвуулаа мэндэлсэн ч одоо надаас өөр хүн үлдсэнгүй.

-Манай улсад гадаадын иргэд амьдрахад хэр байдаг юм бол. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?

-Хүнээсээ л их хамаарна. Зарим хүн амьдарч чадахгүй нь гээд буцаад явдаг. Залуу байхад манай байшинд монгол залуутай гэрлэсэн хүүхнүүд байсан. Тэд амьдарч чадахгүй нь гээд л явсан. Би яахав дээ “Өөр хүмүүс амьдарч болоод байхад би амьдарч чадна” гэсэн зорилготой ирсэн болохоор тэсээд үлдсэн.

-Ер нь Орос, Монголын цаг агаар хэр ялгаатай байна. Монголын өвөл Оросын өвөл гээд яривал?

-Оросын өвөл цас ихтэй болохоор гайгүй. Энд болохоор цас багатай, жавар ихтэй, хүйтэн. Эхний хэдэн жил би маш их даардаг байсан. Эрүү, ам, хацар нүүр хүрэнтээд хөлдчихнө. Хоёр гуя бас улайгаад хөлдчихнө. Хэдий олон давхар өмд өмсөөд ч нэмэргүй. Тэгээд жил ирэх тусам дасчихдаг юм билээ. Ер нь цаг агаар ч дулаараад байх шиг. Өнгөрсөн жил бол дулаахан л өвөл өнгөрлөө шүү дээ.

-Одоо хэчнээн ач, зээтэй болсон байна?

-Манайд есөн шинэ хүн нэмэгджээ. Зээ охин маань бас хүүхэд гаргачихсан гэхээр цаашаа их олон болох төлөвтэй шүү.

Дахиж цагаан сар тэмдэглэх шалтгаан байхгүй болсон

-Ханийнхаа талаар дурсвал?

-Манай нөхөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат хүн байсан. Хуучнаар Хөнгөн хүнсний яаманд насаараа ажилласан. Хоёрын хоёр хүүгээ алдчихсан хүн чинь сэтгэл санаагаар их унадаг юм билээ, хөөрхий. Дээр нь өвчтэй байсан болохоор жилээс жилд муудсаар өнгөрсөн жил бурхан болсон доо.

-Нөхрийнхөө нутгаар очиж үзсэн үү?

-Очилгүй яахав. Намайг очиход хүмүүс их сайхан угтаж авсан. Эндээс аав, ээж монгол дээл хийж өгөөд би чинь бараг л монгол эмэгтэй болчихсон юм шиг. Замдаа буусан айлууд нь айраг цагаа, ааруулаар дайлаад л... Манай нөхөр нутагтаа очилгүй удсан болохоороо очих замдаа их төөрсөн. Хүнээс асуухаар буруу зааж өгнө. Эсвэл энүүхэнд, энүүхэнд гээд байхад ч олдохгүй их хэцүү байсан. Гэхдээ их сонирхолтой явсан. Харин сүүлд очихоор явахад хүмүүс их өөрчлөгдсөн байна лээ. Өмнө нь цай, айргаар дайлдаг байсан чинь одоо буухаар цай ч өгөхгүй, идээ ч тавихгүй болж. Бид замын гуанзуудад идэж, уусаар л нутагт нь очсон.

-Айлын ууган хүүтэй ханилсан юм чинь мэдээж цагаан сар тэмдэглэж л байсан байх?

-Тэмдэглэсэн. Үнэхээр их ядраадаг, маш том баяр шүү. Эхлээд тэмдэглэдэг байсан ч том хүү, бага хүү хоёроо өнгөрснөөс хойш тэмдэглэсэнгүй. Өвгөн маань ч бурхан болсон болохоор одоо цаашдаа би хийхгүй ээ. Хийх шалтгаан байхгүй болсон.

-Одоо тэгээд ямар баяраар гэр бүлээрээ уулзаж, баярлаж байна даа?

-Тавдугаар сарын есөн буюу Ялалтын баяраараа гэр бүлээрээ цуглаж, ганц хоёр вино уусан шигээ өнгөрүүлдэг. Манай хэдэн найз ирнэ. Зурагтаараа цэргийн парад үзнэ. Мөн шинэ жил, төрсөн өдрөө л тэмдэглэдэг.

-Манайхны хувьд ийм яриа байдаг “Оросууд сайн “уудаг” гэж”. Үнэн үү?

-Үгүй ээ. Би ямар юмаараа архи ууж чадах вэ. Ганц, хоёр хундагыг л ууна. Сүүлийн үед бараг уухаа больсон доо.

-Та ингэхэд Оросын харьяат уу, эсвэл Монгол Улсын иргэн болчихсон уу?

-Би Орос, Монгол буюу хоёр иргэний үнэмлэхтэй.

-Танай болоод манай улсын зүгээс та бүгдийг хэр харж үздэг вэ?

-Оросын талд тэгж иргэдээ харж үздэг юм байхгүй ээ. Харин Монголын тал чинь гайгүй харж үзнэ шүү. Манай хорооныхон их сайн ажилладаг. Ер нь хараад байхад Монголд амьдарч байгаа орос иргэдийн олонх нь хэцүү амьдарч байна шүү дээ. Би ч гэсэн тэдний эгнээнд орчихоод байна. Өвгөн минь байхад тэтгэврийн хэдэн төгрөг нь минийхтэй нийлээд овоо хэд болчихдог л байлаа. Дээр нь дунд хүү маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор тэтгэмжийнх нь хэдэн төгрөг ороод ирнэ. Гэтэл одоо миний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй. Яахав үр хүүхдүүд туслаж байгаа ч өөрсдөө бас амьдарч байгаа болохоор ихийг өгөх боломжгүй. Хөгшнийг маань өнгөрсний дараа хүүгийн тэтгэмж 180 болж, миний тэтгэвэртэй нийлээд 400 орчим мянган төгрөг. Үүний 100 мянга нь байрны төлбөрт явчихна. Үлдсэн 300 мянга нь амьдралын хаана ч хүрэхгүй байна. Одоо юмны үнэ ямар болсон билээ. Энэ мөнгөөр амьдрахад үнэхээр хэцүү. Энэ мөнгөө жаахан л буруу зарцуулчихвал идэх юмгүй болно шүү дээ.

-Ер нь Монголын улс төрийн талаар, нийгмийн аж байдлын талаар хэр бодолтой явдаг вэ?

-Миний бодлоор энэ улсын төрийн бодлого жаахан муу л санагддаг юм. Ажилгүйчүүд их болж, мах идэх хүн ховордож, хүмүүс нь их ядуурч байна. Ер нь энэ улсын толгойд байдаг хүмүүс дээгүүр харж амьдарч байгаад халаасаа дүүргэчихдэг юм биш үү. Дээгүүрх хүмүүс нь баяжаад ядуус нь бараг л өлбөрч байна. Хүмүүсээ бодохгүй халаасаа л бодоод байх юм. Ёстой мэдэхгүй ээ. Уул уурхай, алт эрдэнэс их байгаад л байдаг гэтэл тэднийгээ гадагшаа гаргаад суух юм. Халаас нь томроод л...

-1990 оноос өмнө монголчууд картын бараагаар амиа зогоож байсан. Тэр үеүдэд орос хүн Монголд байхад хэцүү байсан гэдэг?

-Олон жил хэцүү цаг хугацааг даван туулсан. Тэр үед би талбай дээр явж байгаад 10 гаруй насны хоёр хүүхдэд газар унатлаа түлхүүлж байлаа. Тэрнээс хойш бараг нэг жил гадагшаа ганцаараа гардаггүй, бараг гаргадаг ч үгүй байсан. Тэр үед оросуудыг албадан гаргаж байсан шүү дээ. Би одоо боддог юм “Тэр хүүхдүүдийн гэрт оросуудыг үнэхээр их үзэн ядаж, муулдаг хүн байсан хэрэг дээ” гэж. Тэгээд л тэр хүүхдүүд чинь том хүнийг түлхэх зоригтой болсон байгаа хэрэг шүү дээ. Би ч өөрөөсөө хэд дахин дүү хүүхдүүдэд түлхүүлсэн дээ маш их гомдож байж билээ.

-Хүүхдүүддээ боловсрол олгох тал дээр хэрхэн хандсан бэ. Олонх гадаад гэр бүлийг хараад байхад дан монгол гэхээсээ илүү гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиадад хүүхдээ сургаж байгаа харагддаг юм?

-Миний хоёр хүү Москвад сургууль төгссөн болохоор тэр талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ ач, зээгээ харж байхад ихэвчлэн төлбөртэй, аль нэг талаараа гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд явдаг. Гэхдээ тийм сургуулиуд нэг хичээлийг хэтэрхий их заагаад бусад хичээлийг орхигдуулаад байх шиг. Сургалтын тал дээр ч бас хэцүү л болоод байгаа юм даа. Тэгээд эдийн засгийн байдал ийм байгаа одоо үед мөнгө хаанаас олох вэ зэрэг асуудал их.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн юм. Хариултынхаа өмнө хаяа нэг санаа алдаж, нутаг орныхоо тухай ярихдаа хоолой нь чичрэнгүй сонсогдох энэ буурал амьдралын хатуу хөтүүг хүний нутагт нугалан давж яваа сэтгэлийн тэнхээтэй хүн. Эр нөхөр, эрэлхэг хөвгүүдээ энэ хорвоогоос явуулчихсан буурал ярилцах саналыг минь хүлээж авахынхаа өмнө нэлээд цааргалаж байлаа. Учир нь тэрбээр “Би уйлаад ярьж чадахгүй байх” гэж байсан. Гэхдээ бидний яриа зочны сэтгэлийн гүнд нь “нойрсож амжаагүй” чухал сэдвийг нь хөндөлгүй түүний залуу нас, ажил мэргэжил, амьдралын үнэний тухай өрнөсөн.

Монголын урлаг, соёлоос дуурийн урлагийг шимтэн үзэж, “Мандухай сэцэн хатан” киног бараг цээжээрээ ярина хэмээн инээмсэглэх Маргарита эмээ урт наслах болтугай.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

В.Я. Маргарита: Монголд үзсэн анхны цаснаар нөхрийн эсгий гутал аминд орж билээ  
Үзсэн: 10466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
dr ameer [127.0.0.xxx] 2019-05-22 21:50
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би КИНИНГИ компани нь fortis эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та эмнэлэг рүүгээ имэйлээр холбогдож болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг визээ боловсруулахын тулд мэс засал хийлгэхээр ирнэ Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн боллоо Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно                    fortis.hospital.in@gmail.co
220.245.169.xxx [220.245.169.xxx] 2014-11-26 14:45
amdardagaa amidarchihsan nastai buurliig eldveer heleed yu hiihevdee.oilgohguishdee. urt naslaarai uldsen amdraldaa bitgii zovooroil gee.mongol huud durlaj olon saihan huuhed toruulj mongold ajillaj amdarch zovlon jargal n bugdl end ongorch. jinhene hun l bainadaa.tor zasgaas joohon ch gesen harj uzehed gemguil ym.nutagruu n unegui irj ochih zardliig n daah ch ymuu.
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2014-11-26 12:34
Маргарита Яковлевна ---- та сайхан сэтгэлтэй бүсгүй юм байна, сайн сайхныг хүсье. Мне кажется, вы --- очень позитивный человек. Таких русских бы сейчас побольше.
37.190.62.xxx [37.190.62.xxx] 2014-11-26 02:06
Тийм нарийн юмыг энэ хонь яааж мэдэхэвдээ
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-11-25 08:41
Сэтгүүлч ээ. Наад хүнийхээ нэрийг зөв бичээч дэ. Ямарч юм уншихгүй, мөнч бүдүүлэг сэтгүүлчид. Маргарита Яковлевна Волкова гэж хүн байна шүү дэ. Оросууд настай хүнийгг Маргарита гэж хэлэхгүй шүү дээ. Маргарита Яковлевна гэж хэлээч дээ. Мөн ч мэдлэггүй, дээр нь юм уншихгүй яаж сэтгүүлч хийх юм бэ. Зөвхөн энэ ч биш, одооны энэ залуу сэтгүүлч нар мөнч хэцүү болж дэ. Улс орон чинь сонож байна шүү дээ Монголчуудаа. Чингис Чингис гэж цээжээ дэлдсээр байтал монгол гэж юм чинь алга боллоов
174.16.136.xxx [174.16.136.xxx] 2014-11-20 12:49
Oros hvchirheg bol MONGOL taivan.....
37.190.62.xxx [37.190.62.xxx] 2014-11-14 23:55
1127213... Энэ хоньд зориулж хэлэхэд ардчилсан хувьсгал гарснаас болж Монголд амьдралын товшин унасан гэж ардчилалын хэдийг бух юмны бурууд чихээд байгаа тахианы чинээ тархитай амьтан их оровдолтэй харагдаж байна гэж хэлмээр байна.Монгол улсын тэр уед эра оорчлолт гараж ганцхан шалтгаан более Зовлолт орос улсад коммунист засаг нурж унаад Монголыг бараг тэр чигээрнь эдийн засаг санхуу уйлдвэрлэлийн бух талын материаллаг хангамжийг хийдэг байсан улс угуй болсоноос болсон гэдгийг ойлгохгуй ооорсдийнхоо хэдэн ядарснан амьтадаа бух юмны бурууруу чихээд байх их Сонин санагдаж байгааг дурдмаар санагдлаа
37.190.62.xxx [37.190.62.xxx] 2014-11-13 01:38
Сайхан сэтгэлтэй гундуугуй хун байна.Тэр соц уеийн оросууд узэл сурталын тууштай бодолтой хундээ хонгоноос огдоггуй,шудрага хумуус байсан санагддаг.Ернь бол байнаа энэ хорвоо дээр Чинь орос эмэтгэйчууд хамгийн сайн буюу сайхан хань байдаг гэсэн яриа олон яс ундэстнуудийн дунд байдын шуу!Уунийг бол би одоо 30 гаруй жил биеээрээ амсаж яваа хумуусийн нэгэн.Орос эхнэрууд шиг халамжтай,ажилсаг,,бух талын дэм дэмжлэгтэй, унэнч шудрага,хайр сэтгэлтэй бол юуугаач огохоос буцахгуй амь нэгтэй байдаг бусгуйчууд тун ховорхон.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-11-11 19:35
Хөөрхий дээ орос сайхан эмээд эрүүл энх йз жаргал хүсье
77.184.72.xxx [77.184.72.xxx] 2014-11-10 13:45
tand eruul enh urt udaan naslahiig husii.hunii deed saihan emegtei b.na taniar ih baharhaj b.naa
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2014-11-05 12:55
Аав ээжийн минь найз нар байсан даа, монголоор сайн ярьдаг. Хань, үр хүүхэд, монголчуудад элэгтэй, сайхан сэтгэлтэй хээгүй эгч юм.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-11-03 16:39
neeree yag uneniig bodoxoor adtchilal gej anarxizm garch ireed l bid yaduu amidraad l ba aadaa
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-01 19:58
1990 оноос өмнө монголчууд картын бараагаар амиа зогоож байсан. гэж худлаа яриад яах вэ. 90 оноос өмнө монголчууд бүгд ажилтай төрөлтэй, авсан цалин нь хоол хувцсандаа бүрэн хүрдэг боломжийн сайхан амьдралтай байсан. Хамаг гай танай ардчилсан гэх гудамжны хулигаануудтай хамт эхэлсэн. 91, 92 онд ид картын бараатай онигоотож байлаа. 95-96 оноос арай гайгүй болж байсныг ардчилсан тэмбүү нар будаа болгоод 2000 онд ганцхан суудал авч байсан.
73.51.180.xxx [73.51.180.xxx] 2014-11-01 14:35
Huurhun buural saihan eej bnaa.Tand eruul enhiig huseye.Ta bol gaihamshigtai goy emegtei uma.
182.160.44.xxx [182.160.44.xxx] 2014-10-31 14:51
55 ЖИЛ БОЛХОД МОНГОЛООР САЙН БИЧИЖ УНШИЖ СУРААГҮЙ ГЭЖ ҮҮ ? МАНАЙХАН БОЛ АЛЬ Ч УЛСАД 4 ЖИЛ БОЛООД Л УНАГАН ШҮҮ ДЭЭ
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-31 14:28
Ямар сайхан хүн бэ та, танд болон үр хүүхдүүд ач зээ нарт нь хамгийн сайн сайхныг хүсэж ерөөе дээ
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2014-10-31 13:08
хүний амьдралаа гэж 119,40,97 гэж энэ юу вэ? намайг бүртгэж байгаа юм уу хэний зөвшөөрөлөөр ?
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-31 13:00
urt naslah yah ve setguulchee.heden tug tsugluulj uhgui bol ulsuh n holggui bgaa hun bn sh tee.
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2014-10-31 13:00
Tewcheertei l emgen yum...

Бидэнтэй нэгдээрэй