Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт болж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гуопин, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар оролцсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг Улаанбаатар хотноо тогтмол хийж байх санаачилгын дагуу анхны уулзалтыг энэ оны есдүгээр сарын 11-нд Тажик улсын нийслэл Душанбе хотод хийсэн. Тус уулзалтаар гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд уулзалт хийж байх талаар тохиролцсоны дагуу дэд сайд нарын гурван талт уулзалт ийн манай оронд боллоо. Монголын улс төрд өрнөж буй анхаарал татах нэг асуудал бол Ерөнхий сайдыг огцруулах тухай юм. Энэ долоо хоногийн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын бүлэг уг асуудлаар ирэх лхагва гараг хүртэл завсарлага авч буйг танилцуулснаар асуудлыг хэлэлцэх боломжгүй болж хуралдаан дахин хойшиллоо. Ийнхүү УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дахин хойшлуулж ирэх лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар энэ сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийв. Уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Түүнчлэн айлчлалын сүүлийн өдөр УИХ-ын дарга БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын CNPC корпораци болон “Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж манай улстай цаашид хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцсан байна. Үүнээс гадна Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэлснээр УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөжээ.
Энэ долоо хоногт Нийслэлийн 375 жилийн ой тохиолоо. Ойн баярт зориулан Их эзэн Чингис хааны талбайд парад шоуг анх удаа зохион байгуулав. Нийслэлийн парад шоунд 41 төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудын 8000 орчим ажилтан албан хаагч, оюутан залуус оролцлоо. Тэд өөрсдийн байгууллагын хэв шинжийг агуулсан үзүүлбэр үзүүлсэн юм. Эдгээр байгууллага их хотынхоо “төрсөн өдөр”-ийн баяраар иргэддээ бэлэг барьж, парадад оролцоход шаардлагатай хөрөнгийг өөрсдөө хариуцаж ажилласан байна. Нийт оролцогчдоос шилдэг байгууллагыг тодруулсан. Нэгдүгээр байрт “Баянзүрх” дүүрэг, хоёрдугаар байрт “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХХК, гуравдугаарт байрт “103” түргэн тусламжийн төв, тусгай байрт “Нийслэлийн цагдаагийн газар”, “Соёл Урлагийн Их Сургууль” шалгарав. Эрхэм уншигч та өдрөөс өдөрт өнгөө засч байгаа нийслэл Улаанбаатар хотын шөнийн зургийг ЭНДЭЭС сонирхоно уу.
Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журам гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор өмнө нь өндөр хүүтэй орон сууцны зээлд хамрагдаад байсан иргэдээс 817.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирүүлжээ. Үүнээс банкууд 18614 зээлдэгчийн нийт 524.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлээд байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 25209 иргэнд 1432.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд албан бичиг хүргүүлээд байна. Тус бичигт цэцэрлэгийн хүүхдийн тарах цагийг нэг цагаар хойшлуулж өгөхийг хүсчээ. Холбооны зүгээс Нийслэлийн боловсролын газарт хүсэлт хүргүүлсэн боловч “татгалзсан” хариулт авсан гэж байгаа. Харин тэд салбарын сайд Л.Гантөмөрт хүсэлтээ илэрхийлээд хариу хүлээж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Энэ долоо хоногт Баян-Өлгий аймгийн 39 хүүхэд хоолны хордлогод орсон харамсалтай явдал боллоо. Энэ асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарментай холбогдоход “Анх бидэнд 39 хүүхэд хордлоо гэх мэдээлэл ирсэн. Гэхдээ одоогоор 41 хүүхэд хордсон гэж байгаа. Улаанхус сум руу дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээний баг явуулсан. Газар дээр нь очиход хүүхдүүдийн биеийн байдал дундаж байна. Зарим хүүхэд өндөр халуурч, зарим нь хордлогын шинж тэмдэг илрэх төдий байна. Яг ямар шалтгаанаас болж хордсоныг гурав хоногийн дотор тогтоох болно” гэсэн юм.
“Хурд” агентлагийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөр: ""Талх чихэр", "Жүр Үр" зэрэг үндэсний үйлдвэрлэгчид хүний эрүүл мэндэд хортой хүнсний нэмэлт хэрэглэж байна. Гэтэл үүнийг хориглох хууль эрхзүйн орчин байхгүй гэж албаныхан хэллээ", "Хятад улс импортын татвар авч эхэлсэн нь манай нүүрсний компаниудад дарамт болж байна", "Манай улс сүүлийн 20 жилд шинжлэх ухааны салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүрэхгүй хувийг зарцуулжээ", "Сумын удирдлагууд өвлийг өнөтэй давахад бэлэн гэж хэллээ" зэрэг сэдвээр бэлтгэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС сонсоно уу.
Таагүй мэдээ дуулгах гэж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчье. 2014 оны аравдугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт төрөөд 24 цаг болоогүй хүүхдээ гудамжинд орхиод явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймээс жирэмсэн байж байгаад төрөх хугацаа нь дөхсөн ч хүүхдээ яасан нь тодорхойгүй байгаа сэжигтэй иргэний мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт Хэрэгтэй тэмцэх газарт яаралтай мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мэдээллийн нууцыг чандлан хадгалж, өндөр үнээр худалдаж авах аж. Хэрэв та энэ талаарх мэдээлэл өгөх бол 93022480, 99095223 дугаарын утсаар холбогдоорой.
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг ЭНДЭЭС уншаарай.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.