
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийг өнгөрөгч 31-ний өдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс Ч.Гансүхийг албан тушаалын байдлыг ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, бусдаар дамжуулан онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Түүнчлэн энэ хэрэгт холбоотой Д.Энхбатад 8 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Б.Жаргалыг шинжээч хийх эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 36 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Харин татварын улсын байцаагчаар ажиллаж байсан П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Бавуусүрэнгийн Жаргал, О.Бямбасүрэн нарыг улсын байцаагч хийх эрхийг 3 жилийн хугaцаагаар хасаж, жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан бол Ч.Даваасүрэнгийн аудитор хийх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийтгэсэн байна.
Ч.Гансүхийг найман жилийн хорих ялаар шийтгэв | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.