![](/uploads/201411/news/thumb/6bd3534bd6cceb1d405553a20c0b4a0f_x3.jpg)
2014 оны аравдугаар сарын 24-ний өдөр Б, Г, Ц гэгч этгээдүүд Дэлхий Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн, нэн ховор зүйлийн амьтан болох 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирээд, худалдан борлуулах зорилгоор БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлжээ. Одоогоор энэхүү хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтаны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г, Б, Ц нар цагдан хорих 461-р ангид хоригдож байна. Дээрх гэмт хэргийн улмаас Байгаль экологид нийт 162.000.000 төгрөгний хохирол учруулсан байна.
Соргог бөхөнгийн экологи эдийн засгийн үнэлгээ: Эр нь 2.000.000 төгрөг, Эм нь 2.200.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг байна. МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг ажээ.
Соргог бөхөнгийн эвэртэй холбоотой хэргийг илрүүлжээ | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.