Шууд Chart

Хил хоорондын ачааны машины хөдөлгөөнийг хязгаарлана

2014-11-03 13:56:49

Замын-Үүдийн “Борхойн тал" Авто тээвэрчдийн холбоо ТББ–аас ирэх 6-ны өдрөөс эхлэн хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй хязгаарлах болсон талаар мэдээллээ.

Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэбат “Замын-Үүдээс Эрээний чиглэлд хил хоорондын үйлчилгээ эрхэлдэг бидний хувьд үйлчилгээ эрхлэхэд үнэхээр хэцүү боллоо. Хил гарах бүрт элдэв төрлийн татвар, шимтгэл авдаг. Бидэнд тулгараад байгаа энэхүү асуудлыг мэдэж, шийдвэрлэх албан тушаалтан алга. Тиймээс бид төр засаг болоод Боомтын үндэсний зөвлөл, нутгийн удирдах албан тушаалтнууддаа мэдэгдэх хуудас хүргүүлж, ирэх 6-ны өдрөөс том оврын ачааны машины хөдөлгөөнийг хязгаарлахаар болсноо мэдэгдэж байна” гэв.

Харин энэ талаар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Нарантуяа “Замын-Үүдэд үйл ажиллагаа явуулж буй ихэнх автомашинууд хятад эзэдтэй байдаг. Нэг хятад хүн хамгийн багадаа 22 машинтай байна. Машинууд нь өөр өөр дугаартай, жолоочтой. Хүмүүс ачаагаа тэр хятадуудаар л ачуулдаг болсон. Гэтэл тэдний ард 1500 гаруй тээврийн жолооч хохирч үлдэж байгаа юм. Бид өнөөдөр тэр хүмүүсийн өмнөөс энд дуу хоолойгоо хүргээд сууж байна. Нэг үгээр Замын-Үүдийн боомт хятадуудын харьяа болчихоод байгаа. Ирэх 6-ны өдөр бид ачааны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Харин энэ ажил явцгүй байвал цаашдаа жижиг тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлана гэж бодож байна” гэлээ.

Дээрх асуудалтай холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто тээврийн газрын мэргэжилтэнтэй холбогдож тодруулга авснаа тун удахгүй хүргэх болно.


 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хил хоорондын ачааны машины хөдөлгөөнийг хязгаарлана  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй