Өнөөдөр улс төр халуун өрнөж байна. Халуун гэж тодотгох нь хэдэн долоо хоног завсарлага аваад байсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг тийш нь болголоо. Нийт гишүүдийн 54.5 хувь буюу олонхийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсон юм. Түүнийг огцруулахад санал нэмэрлэсэн гишүүдийн дунд байгаа зарим хүний нэр бүр ч их анхаарал татаж буй. Өнөө өглөө УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг news.mn сайтад “МАН-тай нийлж, засаг унагах тоглолт хийхгүй” гэсэн ярицлага өгсөн байлаа.
Тэрбээр ярилцлагадаа “Би бол МоАХ фракцын гишүүн. Гэсэн хэдий ч бүтэн хоёр жилийн хугацаанд энэ засгийн тогтвортой байдлын төлөө өөрийн фракцын эсрэг саналыг өгсөөр ирсэн. Энэ тухайгаа ч Ерөнхий сайдад хэлсэн. Эмэгтэй хүний хувьд аль болох тогтвортой, тайван байдлыг хүсч байдаг. Энэ утгаараа энэ засаг битгий огцроосой гэж боддог. Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах тал дээр илүү олон хүн санал нийлсэн байж болох ч дахин өөр Ерөнхий сайд томилогдоод илүү сайн ажиллана гэсэн баталгаа алга байна шүү дээ. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд алдаа гаргаж буй зүйл бас бий. МАХН-тай гэрээ байгуулах үед би үнэхээр гайхсан. Яагаад энэ намаас сонгогдсон 35 гишүүнтэй зөвлөлдөхгүйгээр ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг асуухаас аргагүйд хүрсэн. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд хотын мээр Э.Бат-Үүл даргын хөндөн тавьсан мэдэгдлийг дэмжсэн. Гэхдээ би хэзээ ч сөрөг хүчин болсон МАН-тай нийлж, засаг унагах тоглолт хийхгүй. Гагцхүү Ерөнхий сайд намын даргын хувиар гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. “Ийм алдаа гаргасан нь миний буруу. Та нар намайг уучлаач ээ” гэдэг үгийг хэлэх хэрэгтэй” гэж өгүүлсэн байв.
Энэ үгс Н.Алтанхуягт жаахан ч атугай “тайвшрал” төрүүлсэн биз. Түүнд нэг ч гэсэн гишүүний дэмжлэг хэрэгтэй байсан нь тодорхой. Харин чуулганы хуралдаан дээр санал хураах мөчид Л.Эрдэнэчимэгийн бодол гэнэт өөрчлөгдсөн үү, яасан бүү мэд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн юм. Ингэснээр Н.Алтанхуягийн горьдлого талаар болж далаараа цэвэр тавиулав. Харин “Бенз” Л.Эрдэнэчимэг “Түгжилчимэг” болж нэрээ өөрчлөв бололтой. Нэг бол тэр бас л АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат шиг мунгиначихав уу гэх бор шувуу аль хэдийнэ нисээд эхэлжээ.
“Түгжилчимэг” | ||
Үзсэн: 2323 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.