Шууд Chart

Хүүхэд хүртэл хүүхдээ гадуурхах нь харамсалтай

2013-08-06 10:53:26

Би яг одоо хүүгээ салхилуулаад гадаа сууж байна. Байрны маань урд жижигхэн тоглоомын талбай байдаг юм. Хүүхдүүд шаагилдаад, ээжүүд хүүхдээ салхилуулаад цэцэрлэг гэмээр л газар. Дөнгөж сая ноорхой майк, холхиносон усны гутал өмссөн 7 орчим насны охин ирлээ. Охиныг хоёр бяцхан дүү нь дагажээ. Том нь 3 настай, бага нь дөнгөж хөлд орж байгаа гэмээр. Өмссөн хувцас зүс царайгаар нь байрны жижүүрийн хүүхэд болов уу гэж таамаглаж сууна. Хөлд орж байгаа банди нь тэнтэр тунтар гэж хэд алхаад л хатуу цемент дээр бүдэрч унах юм. Гэхдээ уйлна гэж ердөө байхгүй шүү.

Харин тэднийг ирснээс хойш байдал огт өөр боллоо. Ихэнх ээжүүд хүүхдээ дуудаж авчраад хажуудаа суулгачихлаа. Зарим нэг нь тэр бяцхан амьтдыг муухай харан зэвүүцэж байх юм. Эгч нь нэг охинтой дүүжин дээр тоглохыг хүссэн ч цаадах нь заваан хүүхэд гэж хэлчихээд явчихав. Хүүхэд хүртэл нэгнийгээ ингэж гадуурхах нь харамсалтай. Магадгүй би ч хүүгээ тийм хүүхэдтэй тогловол эвгүйцэхгүй байна гэдэгтээ тийм ч итгэлтэй бус. Үүндээ өөртөө ч гэмших шиг.  Гэхдээ л тэд чинь хүүхэд шүү дээ. Тэдэнд ямарч буруу байхгүй. Хиртэй хувцас, хэлд бүрэн орж амжаагүй тультраа хэлнээс нь унах хараалын үгс. Энэ бүхэн арчаагүй эцэг эхээс болдог. Цаас шиг цэвэрхэн тэдний дэргэд архидан согтуурч, биесээ элдвээр дуудан танхайрч, учир үл мэдэх тэднийг элдэвлэн харааж загнаж,өлөн ходоодтой өдөржин байлгаж, бусдын идэж байгаа зүйл рүү өлбөлзүүлэн тамлаж...        зүрх шимширмээр.
Өнөөдөр тэд тоглоомын талбай дээр гадуурхагдаж байгаа бол ирээдүйд амьдралд гадуурхагдна. Нөгөөтэйгүүр хорвоогийн эрээн барааныг ялгаж таниагүй байгаа, бараан бүхнийг тодхон гэгээхнээр хардаг бяцхан үрсдээ ялгаварлан гадуурхах муухай үзлийг юм юмны түрүүнд суулгаж өгч байгаа эцэг эхүүдийн өмнөөс даанч харамсмаар.  Би хүүхдэд хайртай, маш их хайртай. Боломжтой бол би тэдний төлөө олон ч зүйл хийхсэн гэж хүсдэг. Тиймээ, би өнөөдөр байрны урьдчилгаа цуглуулах гээд хадмындаа амьдарч байгаа хүн. Гэхдээ би ирээдүйд олон мянган хүүхдийн ирээдүйг аврах том асрамжийн төвтэй болохыг хүсдэг. Сургууль цэцэрлэг бүгдийг нэг дор шийдсэн. Бяцхан хотхон барина даа гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлөө би зорилгоо болгосон. Хэтэрхий мөрөөдсөн амьтан байна гэж зарим нь бодож магадгүй ээ.
Гэхдээ л би гудманд хаягдсан эцэг эхдээ гологдсон бяцхан амьтдын тухай энд тэндээс олж уншаад сэтгэлээ зовоож суухын оронд тэдэнд тусалмаар байна. Надтай зэрэгцэж төрсөн бүсгүй 2 хоногтой хүүхдээ эмнэлэгт хаяад явчихсан байсан. Тэр бяцхан амьтныг би эмнэлгээс гартлаа 2 хоног хөхүүлсэн. Ам нь өмөлзөөд шуналтай гэгч нь сорж байгаа тэр хүүгийн төрх одоо ч нүдэнд минь харагдаад хэцүү байдаг. Болдог бол тэр хүүг эмнэлгээс аваад гармаар л байсан. Гэвч миний амьдрал ямар билээ, би ч гэсэн түүнд бүхнийг өгсөн сайхан амьдралыг амлаж чадахгүй шүү дээ. Хөөрхийг хүүхдийн сувилалд аваад явсан. Бодож мөрөөдөж байгаа шигээ ихийг яг одоо тэдэнд өгч чадахгүй ч өгөхийн төлөө мэрийх болно. Би эх хүн, та ч гэсэн эцэг эх хүн эсвэл ирээдүйд эцэг эх болно.  Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тэдэнд сэтгэлээсээ туслаж байя хүмүүсээ. Гудманд таарсан ч ганц зайрмагны мөнгө өглөө гээд бид хоосорчихгүй шүү дээ. Хааяа ч гэсэн цалингаасаа багахан ч болов мөнгө сайн үйлсэд зориулж байгаарай.
Та бүхэнд баярлалаа. Монголын үрс маш олон болтугай…
эх сурвалж: www.cekc.mn
 
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Хүүхэд хүртэл хүүхдээ гадуурхах нь харамсалтай  
Үзсэн: 3513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-07 02:22
хүүхэд хүүхдээ гадуурхана, бусармаг эцэг эхчүүд үр хүүхдээ өнчрүүлнэ,гадуурхана, монголын төр бяцхан үрсииг бүр ч гадуурхаж, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, тоглоомым талбаи, цэцэрлэгт хүрээлэн зэргииг нь дээрэмдэн гадуурхана, их гүрнүүд ирээдүин монголчууд гэж далдуур гадуурхана
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-08-06 20:22
өөрөө ч гэсэн "өмссөн зүүснээс нь харвал байрны жижүүрийн хүүхэд биз " ч гэх шиг,,,,
31.211.224.xxx [31.211.224.xxx] 2013-08-06 20:22
setgel uvduv
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2013-08-06 19:20
монголын vрс маш олон болтугай гэх ереел гое vг боловч бидний хойч vеийг иймэрхvv бvрхэг орчин хvлээж байгаа юм даа Енеедер тоглоомын талбайд гадуурхагдах нялхас ирээдvйд амьдрал гадуурхана сэтгэл зовохоос цаашгvй байна даа Бяцхан хойч vе минь 。?
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2013-08-06 12:30
Ямар сайхан нийтлэл вэ? Төгсөө чамд баярлалаа.

Бидэнтэй нэгдээрэй