Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-11-08 08:27:23

Улс орны хэмжээнд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

УИХ-ын чуулганы лхагва гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцлээ. Нийт гишүүдийн 54.5 хувь буюу олонхийн саналаар түүнийг огцруулах шийдвэр гаргасан юм. Мөн өдрийн орой Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн газрын тамгыг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өглөө. Энэ үйл явдалтай холбогдуулан дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулт, таамаг хөвөрсөөр байна. Цахим ертөнцөд Ерөнхий сайдын сэнтийд горилогч, горилуулагчдын реклам аль хэдийнэ цацагдаад эхэлчихсэн байна. Уншигч та бүхэн дараагийн Ерөнхий сайдад хэн, хэн “нэр дэвшээд” байгааг ЭНДЭЭС уншаарай.

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг улсын төсвөөс 100 хувь олгодог. Ирэх оны төсвийг батлах гэж буйтай холбогдуулан хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөртэй уялдуулан хувьсах зардлыг нөхөн олгох тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Тухайлбал, таван сая төгрөгийн жилийн төлбөртэй дунд сургуулийн хувьсах зардлыг 50 хувиар, 10 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй бол 60 хувиар хасах аж. Харин 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын 20 хувийг төрөөс олгож болох тухай  БШУЯ-ны мэргэжилтнүүд судлаж байгаа аж. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын 80 хувь нь гурван сая төгрөгөөс доош жилийн төлбөртэй юм байна. Энэ шийдвэр батлагдвал 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих юм.

Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурамч үйлдэл хийдэг иргэнийг энэ сарын 5-6-нд шилжих шөнө үйлдэл дээр нь баривчиллаа. Өнгөрөгч наймдугаар сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг байсан этгээд нь иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж залилан сая төгрөг авсан байсныг шалгалтын явцад илрүүлжээ. Тиймээс иргэд ялангуяа шөнө оройн цагаар сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөж, таныг торгоно гэж бичиг баримтаа үзүүлэхийг шаардвал нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Инноваци хөгжлийн төв, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй хамтран  “Дорноговийн брэнд” буюу тэмээний ноосон дотуур хувцас, хүрэм зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Энэ талаар Инноваци хөгжлийн төвийн зөвлөх Б.Ганбат “Бид орон нутагтаа импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих энэхүү ажлыг эхлүүлээд удаагүй байна. Энэ ямар нэгэн төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа ажил биш. Манай говь нутагт хамгийн түгээмэл байдаг тэмээний ноосыг боловсруулан дотуур хувцас, куртик хийх ажлыг өрх толгойлсон дөрвөн эмэгтэйтэй хамтарч хийж байна. Үнэ ханшны хувьд зах зээлийн ханшнаас маш бага үнээр, чанар эдэлгээний хувьд урт настай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэмээний ноос нь чийгийг ѳѳртѳѳ шингээдэг, биеийн орчинд микро уур амьсгал бий болоход чухал нѳлѳѳлдѳг иймээс халуунд халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй онцлог чанартай түүхий эд. Бид аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа, туршилтын ажлыг эрчимтэй явуулсны үр дүнд тэмээний ноосон дотуур хувцсыг Монголдоо анх удаа үйлдвэрлэн гаргахад бэлэн болоод байна” гэлээ.

Анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх энэ долоо хоногт хүлээн авсан байна. Ингэснээр түүний гомдолтой танилцаж, шүүгчид хуваарилан өгнө. Шүүгч гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Ц.Алдармаа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ.

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Арваннэгдүгээр сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 11-нээс бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. Уншигч та бүхэн арваннэгдүгээр сарын цаг агаарын тоймыг ЭНДЭЭС  уншина уу.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй