Монголын тэшүүрийн холбоо хуралдаж, өнгөрсөн дөрвөн жилийн ажил байдлаа дүгнэхийн зэрэгцээ ерөнхийлөгчөө сонгох ээлжит сонгуулиа явуулсан байна. Тамирчид, дасгалжуулагчид Монголын тэшүүрийн холбооны одоогийн үйл ажиллагааг сайн байгаа гэж үзэн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг дахин сонгох саналтай байгаагаа илэрхийлсэн ч тэрбээр өөрийн хүсэлтээр нэрээ татаж авснаар “Цэнгэлдэх” клубын ерөнхий дасгалжуулагч Т.Нямдаваа өрсөлдөгчгүйгээр сонгогджээ.
Их хуралдайд урилгаар ирж оролцсон Булган аймгийн дасгалжуулагч: “УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажилласан бол Монголын ард түмэнд цаашлаад Монгол Улсад өвлийн спорт хөгжихөд тус дөхөм болох байлаа. Учир нь Монгол Улс битүү дээвэртэй ордонтой болох асуудлыг Ц.Даваасүрэн шийдэхийн төлөө идэвхтэй ажиллаж, шаардагдах 9.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж чадсан юм.
Эдийн засгийн хямрал нүүрлээгүйсэн бол битүү дээвэртэй ордны суурийг ч болов цутгаад авах байлаа. Даанч Шинэчлэлийн Засгийн газар хэмнэлтийн жил гээд ажлыг нь эхлүүлсэнгүй. Нөгөөтэйгүүр, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Т.Нямдаваа Ц.Даваасүрэнгийн хэмжээнд хүрч ажиллах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Юутай ч сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр талцаж, хэл үгээ олохоо болиод байгаа тэшүүрийн холбоог нэгтгэх асуудлаас ажлаа эхлээсэй. Тамирчдыг бэлтгэл хийх нөхцөл, техник хэрэгслээр сайн хангаж өгөөсэй. Хөдөө, орон нутгийн биднийг ялгадаггүй байгаасай. Гадаадад болдог тэмцээн уралдаанд орон нутгийн тамирчдыг оролцуулдаг байгаасай гэж хэлмээр байна.
Тэшүүрийн спортод амжилт гаргаж буй гадны улс орноос дасгалжуулагч урьж авчирч ажиллуулах цаг болсон. Гадаадын тамирчид сэргээлтийн эм бэлдмэлээр маш сайн хангагддаг бол манайхан жилдээ нэг, хоёр удаа дусал хийлгэхээс цаашгүй. Замын зардал, хоол ундны мөнгийг төдийлөн хангалттай төсөвлөдөггүй нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөх нь бий” хэмээн өгүүлжээ.
Монголын тэшүүрийн холбооны ээлжит хуралд хөдөө, орон нутгаас 100 гаруй дасгалжуулагч ирж оролцон өөрсдийн байр суурь, санал бодлоо илэрхийлсэн байна.
Тэшүүрийн холбооны Ерөнхийлөгчөөр Т.Нямдавааг сонгов | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.