Шууд Chart

Швед улсад Монголын соёлын өдөрлөг боллоо

2014-11-13 10:58:14

Швед Улсын өмнө зүгийн нутаг болох Сконие (Skеne) муж дахь Торна Холлестад суурин газрын соёлын өдөрлөгийн хүрээнд “Монгол гэр” компанийн “гэр камп” дээр Монгол орноо сурталчлах соёлын өдөрлөг энэ сарын нэгний өдөр амжилттай боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд З.Алтай, Сконие мужийн Лунд хотын захиргааны (коммун) Соёлын хэлтсийн дарга Холгер Раднер нар хүрэлцэн ирж, үг хэлсэн юм.

Мөн арга хэмжээнд Шведийн Сконие мужид амьдардаг монголчууд, Лунд хот болон Торна Холлестад суурины Швед иргэд 200 гаруй хүн ирж оролцсон байна.  

Шведийн Сконие мужид амьдардаг иргэн Б.Ганхуяг, түүний гэргий А.Энхжаргал нар 2012 онд “Монгол гэр” компани байгуулж, хэд хэдэн монгол гэр (“гэр камп”) барьж, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал эрхэлж байгаагаас гадна Монгол орны түүх, соёл, зан заншлыг сурталчлах үйл ажиллагаа явуулж байна.   

Монгол орноо сурталчлах соёлын өдөрлөгийн үеэр ирсэн зочдод хөгжимчин, хөөмийч н.Жамсран, бүжигчин н.Анар нар монгол үндэсний бүжиг, дуу хөгжмийн дээжээс тоглож үзүүллээ.

Үүний зэрэгцээ Шведийн Лунд хотын дуучин хөгжимчин, найрал дууны удирдаач ноён Гөста Петерсений найрал дуучдын хамтлаг дууныхаа дээжээс сонирхуулав. Мөн “Монгол гэр” компани монгол хоол хийж ирсэн зочдоо дайлсан байна.

Ийнхүү энэ удаагийн арга хэмжээ нь Монгол орноо сурталчлах, монголын түүх, соёл, зан заншлыг таниулан мэдэхэд ихээхэн ач холбогдолтой болжээ. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Швед улсад Монголын соёлын өдөрлөг боллоо  
Үзсэн: 1910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй