Монголын волейболын холбооны үндэсний лиг энэ жил ихээхэн онцлогтой болж өндөрлөлөө. Сүүлийн хэдэн жил анх удаа легионергүй явагдсан, шинэ баг гарч ирээд түрүүлсэн, он дамнан зохиогдсон гээд л волейболын лигийг тодотгох баримт олон байна.
Уг нь лиг 2009 ондоо багтаагаад дуусах хуваарьтай байсан. Гэвч элдэв янзын асуудал тулгарсаар ийн сунжирсан хэрэг.
Ийнхүү олон олон саад бэрхшээлийг даван туулсан волейболын лиг өнгөрсөн бямба гаригт хөшгөө хаасан юм. Энэ жилийн лигийн сонин хачин болон медалийн төлөөх тоглолтуудын талаар сонирхуулъя.
“Амин бүрд”-ийг түрүүлнэ гэж таамагласан хүн байна уу?
Эмэгтэй багуудын тэмцэл сүүлийн жилүүдэд сонирхол багатай болоод байсан нь үнэн. IV цахилгаан станцын хоёр баг хоорондоо аваргын цом булаалдаж, нэг нь түрүүлдэг дүр зураг давтагдах болсноос тэр. Дундуур нь “Уурхайчин” нэг удаа шургалсныг эс тооцвол энэ хоёр баг сүүлийн есөн жил босоо байсан юм. Ялангуяа “Эрчим”-ийн дүү нар нь буюу “ТЭЦ IV”-ийн охид хоорондоо гар нийлж, аваргын цомыг бусдад алдахаа болиод байлаа. Харин энэ жил Солонгосын “Энагурэ” компанийн “Амин бүрд” хэмээх шинэ баг лигт хөл тавив. Байгуулагдаад удаагүй ч энэ баг залуучуудын УАШТ-ээс мөнгө, клубүүдийн АШТ-ээс хүрэл медаль авснаас гадна хилийн чанадад цөөнгүй тэмцээнд орж, чамлахааргүй амжилт үзүүлээд байв. Тухайлбал ОХУ-ын Чита мужийн оюутны тэмцээнээс хүрэл, Буриадын их сургуулийн олон улсын тэмцээнээс мөнгө, Тайландад болсон Азийн оюутны АШТ-ээс хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Серб улсад болсон дэлхийн оюутны Универсиадад эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарсан билээ. Гэхдээ л тэднийг олон жил хамт тоглочихсон туршлагатай, шигшээгийн ихэнх тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн “Эрчим”-ийг буулгаж авна гэж хүмүүс бодоогүй байх. Гэтэл нэгдүгээр тойрогт “Амин бүрд” түрүүлэх магадлал хамгийн өндөр “Эрчим”-ийг хожих нь тэр. Харин хоёрдугаар тойрогт “Эрчим” тэднийг 3:0-ээр хожин хариугаа авч, шинэ багт байр сууриа амар тавьж өгөхгүй гэдгээ харуулав. Улмаар энэ хоёр баг аваргын төлөө шалгаран үлдэхэд “Амин бүрд” хоёр тоглолт дараалан 3:0-ээр хожиж, лигийн аварга цолыг анх удаа хүртлээ. Эхний тоглолт овоо өрсөлдөөнтэй болж, “Амин бүрд” төгсгөлийг сайн хийж чадсаны хүчинд ялалт байгуулсан. Харин дараагийн тоглолтод “Эрчим” тэдэнд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй.
Эндээс багууд хэдий залуу, туршлага багатай ч гэсэн олон улсын тэмцээнд их оролцож, гадны шилдгүүдтэй гар зөрүүлэх тусам сайжирдаг гэдэг нь харагдсан. Энэ хоёр багийн өрсөлдөөн ирэх жилийн лигийг сонирхолтой болгох биз ээ.
Хүрэл медалийг “Уурхайчин” хүртсэн. Тэд залуу тоглогчдоос бүрдсэн “ТЭЦ IV”-ийг хоёр дараалан хожсон юм. “ТЭЦ IV”-ийн хувьд хамтдаа тоглоод удаагүй шинэ баг ч гэсэн хоёр дахь тоглолтод “Уурхайчин”-тэй ширүүн үзэж, 3:2-оор дийлдсэн билээ.
“Харх”-ын тав дахь алт
Эрэгтэйчүүдийн плей-офф санаснаас бага өрсөлдөөнтэй боллоо. Хүрэл медалийн тоглолтод ноднингийн аварга “Буянт-Ухаа” “Уурхайчин”-ыг хоёр удаа 3:0-ээр хожсон. Уг нь “Уурхайчин” тойргийн тоглолтод нисэхийн багийг хоёр ч удаа хожоод байв. Гэвч шийдвэрлэх мөчид ийн азгүйтлээ.
Харин аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн “Харх”-“Эрчим”-ийн тулаан илүү сонирхолтой явагдсан. Багийн бүрэлдэхүүн, туршлага, нурууны өндөр зэргийг бодолцвол “Эрчим”-ийн ялах боломж илүү мэт. Гэвч Эрдэнэтийн баг илүү эвсэг, дайчин, нийтэч байж чадсаныхаа хүчинд хэцүү өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Үе тэнгийн залуус нийлсэн энэ багийнхан нэгнийгээ алдаа гаргахад бусад шигээ уурлаж, нервтэхгүй, инээгээд л тоглох юм. Магадгүй энэ чанар тэдний ялалтад хамгийн их нөлөөлсөн биз ээ. Ингэснээр “Харх” баг лигийн аварга цолыг тав дахь удаагаа хүртлээ. Тэд өмнө нь 2002, 2003, 2004, 2007 онуудад лигийн аварга болж байв. Харин “Эрчим”-ийн залуус 1999 оноос хойш аваргалж үзээгүй явна.
Аваргуудад шагналын хур буув
Хаалтын ажиллагааны үеэр тэмцээний шилдгүүдийг тодруулсан. Уламжлал ёсоор аварга багийн гишүүд шагналын хурд дарагдсан юм.
Тэмцээний шилдгүүд
Давуулагч: эм П.Буянжаргал (Уурхайчин)
эр Б.Ганхуяг (Буянт-Ухаа)
Хамгаалагч: эм Г.Билгүүн (Эрчим)
эр Т.Отгонтөгс (Эрчим)
Холбогч: эм А.Уранчимэг (Амин бүрд)
эр Р.Хангай (Буянт-Ухаа)
Дасгалжуулагч: Ц.Нэмэх (Харх)
Шүүгч: С.Наранбаяр
ОУХМ М.Алтангэрэл агсаны нэрэмжит шилдэг тэгш тоглогч буюу MVP-гээр “Амин бүрд”-ийн Г.Цэцэгжаргал, “Харх”-ын Ч.Отгонбаяр нар шалгарсан юм.
Спортын мастер Батжаргал агсаны нэрэмжит “Солгой тоглогч”-ийн шагналаар “Эрчим”-ийн Г.Өлзийдэлгэрийг, гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсаны нэрэмжит оны шилдэг дасгалжуулагчийн шагналаар “Ган зам 20”, “Хасу Мегаватт” багийн дасгалжуулагч Д.Солонго нарыг тус тус шагналаа.
Түүнчлэн энэ үеэр спортын цол, зэргийн нэгдсэн ангиллын болзол биелүүлсэн “Амин бүрд”-ийн Ч.Халиун, Э.Мөнх-Үйлс, Г.Энхсайхан, А.Пүрэвсүрэн нарт дэд мастер, Г.Цэцэгжаргалд ОУХМ цолны үнэмлэхийг гардуулан өгөв. Г.Цэцэгжаргалын хувьд Азийн оюутны АШТ-ий шилдэг тэгш тоглогчоор шалгарсан амжилтаар ОУХМ болжээ.
Мөн волейболын спортод шинэ баг байгуулж, богино хугацаанд өндөр амжилт гаргасан “Амин бүрд” багийн эзэн Жан Жи Ху-г МВХ-ны дээд шагнал “Алтан бөмбөг”-өөр, дасгалжуулагч Жон Юн Ха-г тэргүүн дээд шагнал “Хүрэл бөмбөг”-өөр шагнасан юм.
Плей-оффын дүн
I/15
Эмэгтэй хүрэл
ТЭЦ IV-Уурхайчин 0:3 (20:25, 19:25, 12:25)
Эрэгтэй хүрэл
Буянт-Ухаа-Уурхайчин 3:0 (25:20, 25:14, 25:19)
Эмэгтэй алт
Амин бүрд-Эрчим 3:0 (25:22, 25:23, 26:24)
Эрэгтэй алт
Эрчим-Харх 1:3 (16:25, 25:21, 19:25, 23:25)
I/16
Эмэгтэй хүрэл
ТЭЦ IV-Уурхайчин 2:3 (16:25, 19:25, 25:16, 26:24, 6:15)
Эрэгтэй хүрэл
Буянт-Ухаа-Уурхайчин 3:0 (25:16, 28:26, 25:21)
Эмэгтэй алт
Амин бүрд-Эрчим 3:0 (25:16, 25:22, 25:22)
Эрэгтэй алт
Эрчим-Харх 0:3 (23:25, 18:25, 18:25)
Г.Баярсайхан
“Харх”-ын эвсэг тоглолт бүгдээс хүчтэй | ||
Үзсэн: 1541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.