Шууд Chart

Хуульчийн шалгалтад 312 хүн тэнцжээ

2014-11-20 13:36:41

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс жилд нэг удаа болдог хуульчийн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Тус шалгалтыг хуульчдын эрх зүйн байдал шинэчлэлтэй холбоотойгоор өнгөрсөн онд  зохион байгуулаагүй. Тиймээс эрх зүйч олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм. Энэ хэрээр хуульчийн эрх авах босго өндөр болж буй. Энэ онд сүүлийн дөрвөн жилийн түүхэнд хамгийн олон буюу 1698 хүн тус шалгалтад бүртгүүлснээс 1506 хүн шалгалт өгсөн байна. Үүнээс 312 хүн шалгалтын босго оноог давжээ. Энэ нь нийт шалгуулагчдын 20 хувь тэнцсэн гэсэн үг. Өнгөрсөн жилүүдийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлт гэдгийг шалгалт зохион байгуулагчид онцлож байна.
Мөн энэ удаагийн шалгалт нь Монгол Улсад энэ тооны олон хүн нэгэн зэрэг цахим хэлбэрээр шалгалт өгсөн анхны тохиолдол гэнэ. Ингэснээр хүний нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, түргэн шуурхай, шударгаар дүгнэх боломжийг бүрдүүлсэн аж. Хэрэв шалгуулагчид шалгалтын дүнд эргэлзсэн тохиолдолд гүйцэтгэсэн материалтай танилцах эрх нээлттэй гэнэ. 
Шалгалт сорилгын ба бодлогын гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Сорилгын шалгалтад 747 хүн тэнцэж, бодлогын шалгалтад орох эрх авсан байна. Улмаар бодлогын  шалгуулагчдыг тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер дээр авснаар урд жилүүдэд гардаг байсан маргааныг таслан зогсоосон арга хэмжээ болсон аж.
Хуульчийн шалгалтыг эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажлаад өгөх эрхтэй болдог. Шүүхийн шинэтгэлийн багц ажил, энэ дундаа хуульчдын эрх зүйн байдлын шинэчилсэн хуулиар хуульч ба бусад эрх зүйн боловсролтой этгээдийн эрх үүрэг, хариуцлагын ялгааг тодорхой болгосон. Тиймээс өмнөх сонгон шалгаруулалтаас тус шалгалтын ач холбогдол, үр дагавар мөн өөрчлөгджээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хуульчийн шалгалтад 312 хүн тэнцжээ  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй