
“Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт холбогдон хоригдож байгаа М.Тулгын гэр бүл МХЕГ-т “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийг шалгуулах хүсэлт илэрхийлсэн аж. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодрууллаа. Тэрбээр “Тулгын ар гэрийнхэн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийг хүүхэддээ эмчилгээ хийгээгүй гэх гомдлыг Эрүүл мэндийн яаманд тавьсан. Харин яамнаас энэ талаарх гомдлыг шалгах үүргийг МХЕГ-т өгсөн юм билээ. Одоо шалгалтын ажил эхлээд явж байгаа. Хамгийн гол нь тус эмнэлэгт нуруу, нугасны чиглэлээр мэргэшсэн эмч байдаггүй юм билээ. М.Тулгын оношыг ч зөв уншиж чадахгүй, аль хэдийнэ эдгэрсэн гээд байсан юм. Гэтэл өвчтөний биед дээрдсэн зүйл байгаагүй. Бид Тулгын шинжилгээний хариуг Солонгос, Тайланд руу явуулж уншуулахад “Нуруу нугасны 4-5 дугаар зэргийн нугаларалттай. Хугацаа алдалгүй яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай” гэх хариу ирсэн. Үүнийг нь Сонгдогийн Б.Болдсайхан эмч болохоор эсэргүүцээд байгаа. Бүр М.Тулгыг зүгээр болсон хэрнээ баашиллаа гэж хүртэл хэлсэн гэсэн. Энэ залуу бүхэл бүтэн хоёр сар Сонгдо эмнэлгээр эмчлүүлэхдээ дээрдэх нь байтугай улам муудаж, сэтгэл санааны шоконд орсон. Одоо тэрбээр Ганц худгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Эмчлүүлэх ч гэж дээ өвчин намдаагч тариулаад л, уугаад л байж байна. Угаасаа Ганц худгийн хорих ангийн эмнэлэг эмч, мэргэжилтнээр дутмаг байдаг. Ирэх долоо хоногоос гэр бүлийнхэн нь хэвлэлийнхэнд хандах байх. Миний хувьд энэ үйл ажиллагааг ажиглаад л байж байна. М.Тулгатай уулзахаар очиход цаанаасаа тэргэнцэртэй гарч ирээд, өрөөнд хүнд үүрүүлж орж ирдэг. Хоёр хөл нь ямар ч мэдээгүй болсон. Эрүүл сайхан залуу мэдлэггүй, хүнд сурталтай хүмүүсийн гайгаар тахир дутуу болж үлдэж байна. Үнэхээр харамсалтай. Монголдоо шилдэг нь гэж үнэлэгддэг эмнэлэг нуруу нугасны мэргэшсэн эмчгүй байна гэдэг байж болох зүйл мөн үү. Гэрийнхэн нь удахгүй энэ эмнэлгийг шүүхэд өгөх байх” гэж ярилаа.
Ц.Баасандорж: Нуруу нугасны мэргэшсэн эмчгүй байж “эмчилсэн” гэж хэлж болдог юм уу | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.