
Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын суудал эзэнтэй боллоо. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн. Хуулийн дагуу Засгийн газрын тэргүүнд томилох гишүүнийг Ерөнхийлөгч соёрхож УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Энэ үйл явдлын дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилохыг 100 хувь дэмжсэн. Харин баасан гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Чимэдийн Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж 95 хувийн саналаар дэмжлээ. Мөн өдөр буюу баасан гарагт Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан юм. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн намтрыг ЭНДЭЭС уншина уу.
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн “Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв” ирэх сард үүдээ нээх гэж байна. ҮХААЯ-ны санаачилсан эл худалдааны төвийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэгчид эхнээсээ талбай, лангуугаа хуваарилан авч эхэлжээ. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхны санаачилгыг дэмжин “Шөнийн зах”-ыг “Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв” болгон өөрчлөхөөр ажиллаж байгаа юм. Үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс ам.метр нь 65 мянган төгрөгөөр түрээслүүлдэг талбайгаа 45 мянга болгож бууруулснаас гадна оёдол, ноос ноолуур, арьс ширний аж ахуйн нэгж, үйлдвэрүүд холбоогоороо дамжуулан хандаж байгаа учраас барьцаагүйгээр талбай түрээслүүлэхээр болсон байна.
Энэ сараас эхлэн бага насны хүүхдүүдийн дунд вирусын гаралтай томуугийн шинж тэмдэг илэрч эхэлсэн. Энэ нь хэдэн жилийн давтамжтай дэгддэг томуугийн төрлийн респиратор, синцитиал, аденовирус, риновирусүүдээс үүсдэг юм байна. Энэ дундаас синцитиал нь хатгаа туссан хүүхдийн уушгины завсрын эдийг гэмтээж, хүндрүүлдэг аюултай аж. Тиймээс ХӨСҮТ-ийн эмч нар эцэг, эхчүүдэд хандан “Хүүхдээ дулаан хувцаслаж, ханиад томуу хүрсэн үед нь сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй гэрт нь асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Мөн гарыг нь сайтар угаалгаж, гэрээ дулаан байлган, чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутам өрөө тасалгааг агааржуулж, амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн сайн өгч, цэгэн иллэг хийж хэвших”-ийг зөвлөлөө. Хамгийн чухал нь энэ төрлийн ханиаданд дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх ёстой бөгөөд томуугийн эхний шинж илэрвэл эмчид цаг алдалгүй хандах ёстой. Энд тодотгоход, уг өвчний эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад болоод 21 аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалтын кабинетад тарьж байгаа ажээ.
Цахим системээр газар өмчлөлийн ажлыг эхний ээлжийн таван байршилд явуулж дууссан. Харин цахим системээр сонгогдсон буюу газар өмчлөн авах эрхтэй болсон зарим иргэн заасан хугацаанд харьяа дүүрэгтээ хандан өргөдлөө өгөөгүй учраас сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож дахин сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. Энэ сарын 17-ны байдлаар 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө өгөөгүй тул дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан байна. Энэхүү дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж, сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харьяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх шаардлагатай аж. Мөн дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсэхээ www.umch.ub.gov.mn гэсэн сайтаар орж шалгах боломжтой юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад “Нийгмийн даатгалын тухай”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Шалгалтад эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн гэрээ байгуулсан 116 эмийн сан хамрагдсан байна. “Нийгмийн даатгалын тухай” хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл зарим эмийн сангаас илэрчээ. Баянгол дүүргийн “Хаадын тун”, “ЭНТО”, “Эм Би Би Жей”, “Бейсан”, Баянзүрх дүүргийн “Оригфарм”, Сүхбаатар дүүргийн “Тавин-Ус”, “Монос”, ‘Лхадаш хайрхан”, Сонгинохайрхан дүүргийн “Хар хорин Евро фарма”, “Арцад фарма” зэрэг эмийн сан ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод оногдох шимтгэлийг төлдөггүй байжээ. Мөн эмийн сангийн ихэнх хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 134 төрлийн эмийн хангалт дутуу, эмийн үнийг дээд хязгаараас хэтрүүлэн тооцон олгосон, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага “Хүн хүчний хангамжтай” байхаар зөвшөөрөл авсан боловч ихэнх эмийн сангуудад боловсон хүчний хангалт дутуу байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 16 сая төгрөгийн төлбөр, торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар 126 заалт бүхий 32 улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.
Энэ долоо хоногт олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн шүүх хурал боллоо. “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын давж заалдах шатны шүүх хурал пүрэв гарагийн өглөө 8.30 цагт эхэлсэн. Улмаар шүүх хуралдаан хоёр цагийн дараа өндөрлөж, уг хэргийг анхан шатны II шүүхэд буцаах шийдвэр гаргалаа. Хохирогч Д.Оюунтуулын гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг дахин нягтлах аж. Шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг хянаж үзээд гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ингэснээр хоёр жүжигчинд анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийн хэмжээ буурах магадлалтай юм. Одоогоор Ц.Алдармааг урьдчилан хорих, Д.Оюунтуулыг бусдын батлан даалтад байлгахыг хэвээр үлдээлээ. Д.Оюунтуулын хувьд БНСУ-д эмчилгээ хийлгэхээр яваад хэдхэн хонож байгаа билээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь хоёр удаа болсон ч хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл Г.Алтанхүүд холбогдох хэргийн ээлжит шүүх хурал энэ долоо хоногт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд боллоо. Шүүх хуралдаан таван цагийн туршид үргэлжилж шүүхээс хэргийг нэмэлт шинжилгээнд буцааж, 14 хоногийн хугацаатай хойшлууллаа.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ 11 дүгээр сарын 23-ны ням гарагт тохионо. Ойн хөтөлбөрийг ЭНДЭЭС уншаарай.
Уншигч та бүхэн цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулна уу. Ойрын хоногуудад өдөртөө бага зэрэг дулаарна. Арваннэгдүгээр сарын 24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24, 25-нд дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 4206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.