Шууд Chart

“Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзоригт зургаан жил хорих ял оноожээ

2014-11-24 11:41:19

“Нийслэл Өргөө” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганзориг нарын хэргийг шүүх шийдвэрлэжээ. Б.Ганзориг нар нь  Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.5 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827 сая төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан. Мөн 2010 онд  “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч 30.8 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн, “300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч,1.9 тэрбум төгрөгийг завшиж үрэгдүүлснийг шүүхээр тоогтоожээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг  хянан хэлэлцээд Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 174.2, 265.2  дахь хэсэгт  зааснаар 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  Тус хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван  жилийн хорих ял оногдуулж, хоёр жил тэнсэж хянан харгалзсан байна. Мөн Д.Чулуунцэцэгт  5.1 жилийн  хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаатай хойшлуулжээ. “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэг болон Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарын хэргийг хоёр жилийн хугацаатай тэнссэн байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

“Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзоригт зургаан жил хорих ял оноожээ   
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй