Шууд Chart

Малчид тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлжээ

2014-11-24 17:41:32

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхийн 49.5 сая мал өвөлжих хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэв. Сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих гэнэ. Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тонн өвс, 22.7 мянган тонн сүрэл, 39.2 мянган тонн ногоон тэжээл, 29.6 мянган тонн үйлдвэрийн болон 37.4 мянган тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлэв. Харин Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай аж. Хэдий аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул худалдан авахаар тогтжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд 42.7 сая, Архангай аймгийн сумд 50 сая, Хөвсгөл аймгийн сум бүр 2-3 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулсан байна. 
Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ. Өөрөөр хэлбэл, малын тарга хүч, хадлан тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90.0 хувьтай гарлаа гэж мэргэжилтнүүд хэллээ. Энэ жилийн хураан авсан үр тарианаас 25.8 мянган тонн будаа тэжээлийн будаа руу шилжиж, мөн гурилын үйлдвэрүүдээс 76.0 мянган тонн хивэг үйлдвэрлэх тооцоо гарч, 40 мянган тонн ногоон тэжээл, 37 мянган тонн гар тэжээл, 126.4 мянган тонн хужир, шүү бэлтгэсэн нь малын тэжээлийн хангамж өвөл, хавартаа хүрэлцээтэй гэж албаныхан үзэж байгаа аж.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Малчид тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлжээ  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй