Шууд Chart

"Шонхорууд" баг "Төв ургац"-д хожигдлоо

2014-11-25 13:06:41

Өчигдөр Спортын төв ордонд "Үндэсний супер лиг"-ийн хоёр тоглолт боллоо. 

ТӨВ УРГАЦ vs МАДИМОС ШОНХОРУУД – 113:99

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн шинэ улирал эхлээд, гурав дахь өдрийн тоглолтууд өчигдөр СТО-нд боллоо. Эхний тоглолт энэ улиралд тун өнгөтэй, хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа хоёр баг болох "Төв Ургац болон Мадимос Шонхорууд багууд учраа таарсан. Шонхорууд багийн хувьд шинэ улирлыг тун амжилттай эхлүүлж, хоёр хожил аваад байгаа. Тэдний бүрэлдэхүүнд Т.Санчир, Г.Цэнгүүнбаяр, Б.Дархантөгс, Э.Цэрэнбаатар, А.Гансүх, Б.Даваажав зэрэг шилдэг тоглогчид байгаагаас гадна туршлагатай хамгаалагч А.Төмөр, хүчтэй, тэсрэлттэй хамгаалагч Darin Mency нэмэгдсэн. Харин өнгөрсөн жил "Спрайт Супер Лиг", А-н УАШТ гэсэн том тэмцээнүүдэд түрүүлсэн "Төв Ургац" багийнхан, тун сайн багийн тоглолтыг үзүүлж байгаа. Тэднээс залуу авьяастан Д.Мөнхтөр, дээд лигийн тэргүүн, туршлагатай тоглогч Ц.Мэргэн, легионер тоглогч Donald Boone гэсэн тоглогчид тун гайхалтай тоглож байгаа. Мөн эхний тоглолтын дараагаар сагсан бөмбөгийн стандарт тоглолтын хичээлийг тун сайн заах тоглогчдыг "Төв Ургац" багийнхан авчирчээ гэсэн дүгнэлтийг сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд гаргасан.

Тоглолт ч таамаглаж байсанчлан тун өрсөлдөөнтэй болсон. Энэ тоглолтын онцлох статистик үзүүлэлт нь "Шонхорууд" багаас Т.Санчир холын зайн найман шидэлтээ амжилттай болгож, 50 оноо авснаар, энэ улирлын дээд амжилтыг үзүүллээ. Түүний хувьд өнгөрсөн улиралд мөн 55 оноо авч байсан юм. Харин "Төв Ургац" багийнхан багаараа тун гайхалтай байлаа. Тэднээс шинээр од болон гялалзаж байгаа Д.Мөнхтөр 32 оноо, 12 самбар авч багаа тэргүүлсэн бол, легионер тоглогч Donald Boone Jr 22 оноо, 10 оновчтой дамжуулалт, 10 бөмбөг таслалт хийж, энэ улирлын хоёр дахь "трибль дабл"-ийг хийлээ. Мөн Ц.Мэргэн 21 оноо, 10 самбар, Holmes Junior 25 оноо, Бат-Эрдэнэ 11 оноо, 13 самбар авч, 4 тоглогч нь 20-с дээш оноо авсан жигдхэн тоглолт гаргаснаар багаа хожилд хүргэлээ. Ингэснээр 113-99 харьцаатай "Төв Ургац" баг өрсөлдөгчөө буулган авч, улирлыг 2:0 гэж эхлүүлж байна.

ХАСУ ЧИНГИС СИТИ vs VALVOLINE БҮРГЭДҮҮД – 107:95

Энэ өдрийн хоёр дахь тоглолт. Насанд хүрэгчдийн УАШТ, Спрайт Супер Лиг, Бүх Ард Түмний Спартакиад гээд улсын хэмжээний бүхий л том тэмцээнд "АВАРГА" хэмээх эрхэм алдрыг хүртсэн залуус бол Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ХАСУМЕГАВАТТ багийнхан. Сагсан бөмбөгөөр хичээллэгч олон зуун залуус ХасуМегаватт Чингис Сити багийг дээд лигт харахыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд тэд энэ улирлын эхний тоглолтоо өчигдөр хийлээ. Мөн энэ багт NCAA-д байхдаа од тоглогчийн хэмжээнд тоглож байсан 26 настай, залуу легионер тоглогч Afam Moujeke хүч нэмсэн юм. Харин тэдний өрсөлдөгч Интерстандарт Нефть компанийн Valvoline Бүргэдүүд баг. Энэ багийн бүрэлдэхүүнд NBA-д тоглож байсан хоёр тоглогч багтсан нь багийн онцлох зүйл нь юм. NBA-гийн New Orleans Hornets багт холбон тоглогчоор тоглож байсан Carldell Johnson, Seattle Super Sonics, Memphis Grizllies, Charlotte Bobcats багуудад тоглож байсан Andre Brown гэсэн хоёр тоглогч энэ багт нэгдээд байгаа юм.

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж байсан энэ тоглолтод, олон жил хамтдаа өндөр амжилттай тоглож байгаа баг болох ХасуМегаватт Чингис Сити багийнхан 107-95 харьцаатай ялалт байгууллаа. Тэднээс шинэ легионер Afam Moujeke өөрийн өндөр ур чадвараа харуулж, 37 оноо, 17 самбар авсан бол, Gabe Moton 22 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт, Золжаргал 15 оноо, Даваасамбуу 8 оноо, 8 самбар, Улаанхүү 8 оноо, 8 самбар авчээ.

Харин тэдний өрсөлдөгч шинэхэн бүрэлдэхүүнтэй байгаа Дорноговь Valvoline Бүргэдүүд багт, ойлголцол дутаж байгаа гэдэг нь энэ өдөр харагдлаа. Тэднээс Carldell Jonhson 35 оноо, Э.Дөлгөөн 21 оноо, 6 бөмбөг таслалт, Andre Brown 16 оноо, 19 самбар, залуу тоглогч Мишээл 14 оноо, Оюунбат 4 оноо, 11 самбар авчээ. Цаашид легионер тоглогчдын цагийн зөрүү арилж, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчид нь жигдрэх цагт энэ багаас олон зүйл хүлээж болно.

Үндэсний Супер Лигийн дараагийн тоглолтууд ирэх лхагва гарагт 18:00 цагаас СТО-нд үргэлжлэн явагдана. Мөн нэгэн гайхалтай мэдээ байгаа нь ирэх долоо хоногийн даваа гараг буюу 12 сарын нэгнээс эхлэн, эмэгтэй сагсан бөмбөгийн Супер Лигийн тэмцээн анх удаагаа болох гэж байна.

 Тоглолтуудын тоймыг үзнэ үү

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Шонхорууд" баг "Төв ургац"-д хожигдлоо  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй