Туул голын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтран шалгалт хийжээ. Тус шалгалтын дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хяналт шалгалтад хамрагдвал зохих 84 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс 37-г нь “Ил уурхайн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар үнэлэхэд бага эрсдэлтэй 12, дунд эрсдэлтэй 15, их эрсдэлтэй нэг аж ахуйн нэгж байсан аж. Мөн хяналтын хуудас бөглөгдөөгүй есөн аж ахуйн нэгж байсан байна.
Шалгалтын үеэр дараах зөрчил илэрчээ. Үүнд, “Бүти” ХХК, “Цагаан ташаа” ХХК, “Илчит металл” ХХК, “Монстрой” ХХК, “Тэсийн хурд” ХХК, “Намобридж” ХХК-иуд нь уурхай дээр байх бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, уулын ажлын тайлан төлөвлөгөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Эдгээр аж ахуйн нэгжид “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг үндэслэн зохих торгууль ногдуулж, зөрчил арилгах үүрэг өгсөн байна.
Мөн “Баясгалант Өргөө” ХХК нь цуцлагдсан тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөлгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байжээ. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоосон байна. Харин бичиг баримт дутуу, нөхөн сэргээлт хийгээгүй “Монстрой” ХХК, “Тэсийн хурд” ХХК, “Дабльмөнх” ХХК-иудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох шийдвэр гаргажээ. Тус шалгалтын үеэр гүйцэтгэлийн хяналт шалгалтаар техникийн нөхөн сэргээлт хийж, зөрчлөө арилгасан учир “Монстрой” ХХК, “Тэсийн хурд” ХХК-ийн үйл ажиллагааг сэргээж, зөрчлөө арилгаагүй “Дабльмөнх” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Хайрга, дайрга олборлогч компаниудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.