Хан-Уул дүүргийн соёлын ордон үндэсний хувцсаараа гоёсон бяцхан хүүхдүүдийн хөлд дарагдаад байна. “Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төв” ТББ, түүний дэргэдэх “Миний гэр” цэцэрлэг хамтран Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийг дэмжих хүрээнд нийслэлийн 4-8 насны хүүхдийн дунд Ардын урлагийн наадмыг зохион явуулжээ.
Нийслэлийн таван дүүргийн 140 гаруй хүүхэд сүүлийн шатны шалгаруулалтад оролцохоор энд цугласан бөгөөд тэд ерөөл магтаал, ардын дуу, бүжиг гэх мэт ардын урлагийн зургаан төрлөөр уралдаж, авьяас билгээ сорьцгоох юм.
Наадамд бага боловсролын сургуулийн 1-3-р ангийн хүүхдүүд оролцох боломж нээлттэй байсан ч тунаж үлдэх авьяастан тодроогүйг сургуулиудын дуу хөгжмийн багш нарын идэвх санаачилгатай холбон үзэж байгаагаа зохион байгуулагчид ярьж байлаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадмын зорилго хүүхдийн авьяас чадварыг багаас нь нээн илрүүлж, хөгжүүлэхдээ монгол өв соёлыг хэвшүүлж дадал болгох, мөн хүүхдийг өөртөө итгэлтэй байх, нийтийн дунд биеэ зөв авч явах, баг хамт олноор ажиллаж сурахад тус дэм үзүүлэхэд чиглэх ажээ.
Наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолтыг 2015 оны нэгдүгээр сарын дундуур “Монголын хүүхдийн ордон”-д зохион байгуулна.
Хүүхдийн ардын урлагийн наадмын нэгдсэн тоглолт боллоо | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.