
Манай телевизүүдээр гарч, үзэгчдийг байлдан дагуулж байсан “Хөөрхөн төрөх албагүй” киноны гол дүр Екатерина Пушкарёваг дэлгэцнээ амилуулсан Нелли Уваровагийн бяцхан ярилцлагыг хүргэе.
-Нелли, чи театрын жүжигчин байсан. Яагаад кино урлаг руу орчихов?
-Надад тайзан дээр тоглох их таалагддаг. Дэлгэцийн урлагтаа ч бас дуртай. Аль нэгийг нь сонго гэвэл театраа сонгоно. Театргүйгээр миний амьдрал утгагүй. Тайзан дээр гарах болгондоо шинээр төрөх шиг л болдог. Гэхдээ өмнө нь нэг кинонд нь тоглож байсан нйаруулагч намайг “нугасны муухай дэгдээхэй” Катя Пушкарёвагийн дүрд тоглооч гэхэд нь би дуртайяа зөвшөөрсөн.
-Энэ дүрд тоглоход хүндрэл байсан уу?
-Мэдээж байсан. өдөржингөө гадуур шүдний аппараттай, аль ертөнцөөс ирсэн юм гэмээр дугуй малгай, урт юбка гээд л салбайсан хувцастай гадуур явна шүү дээ. Найруулагч маань намайг дүрдээ орохын тулд ингэ гэсэн юм. Зураг авалт шөнө орой болтол үргэлжилдэг байлаа. Нэг удаа би навсгар хувцастайгаа ойрхон дэлгүүр орсон юм. Тэгсэн хэдэн жаалууд “Хөөх, Катя явж байна. Ээ царай муут аа, чам шиг хүн орчин үед байна уу” гээд л хашгираад байсан. Гэхдээ би үүнд тайван ханддаг. Харин заримдаа театрынхаа ажлыг тасдах үе байсан ч хамт олон маань ойлгож, дэмждэг байсан.
-Их завгүй ажиллах юм. Амрах хэрэгтэй шүү дээ?
-Амрах цаг бага байдаг даа ер нь. Завтай үедээ хоол хийх дуртай. Аав маань хоол хийхийг гайхалтай зааж өгсөн юм. Бас хөлбөмбөг тоглож, дугуйгаар явах дуртай.
-Алдартай болоод юу мэдэрч байна, Нелли?
-Алдар хүнд гэж юу юм бэ? Өнөөдөр алдартай байх боловч маргааш чамайг мартаж ч болох шүү дээ.
-Чи нэлээд хатуу гэр бүлд өссөн гэж ярьж байсан?
-Тийм шүү. Ленка бид хоёрыг эцэг эх маань их хатуу өсгөсөн. Бусад охидын хийдэг зүйлийг бид хийдэггүй байлаа. Мөрөө гаргасан хувцас өмсөж, үсээ богино болтол тайрахыг зөвшөөрдөггүй байсан.
-Аав, ээж хоёр чинь “Хөөрхөн төрөх албагүй”-г үзсэн үү?
-Маш их сонирхож үзсэн. Бүр Катягийн төлөө сэтгэл нь зовоод л үзээд байсан. Тэдний киноны баатрын төлөө тэгж санаа тавьж байгааг нь хараад их гайхсан шүү.
-Амьдрал дээр Катя Пушкарёватай адилхан уу?
-Огт өөр шүү. Би дуу шуутай олны дунд байх дуртай. Наргиж цэнгэх үедээ ч цэнгэнэ шүү (инээв). Харин Катя бол огт өөр. Тэр их хаалттай охин. Харин ижил зүйл нь гэвэл байнга урагшилъя гэж тэмүүлж байдаг нь л байх.
-Кинонд дүр бүтээхийн төлөө жингээ нэмэх хэрэг гарвал яах вэ?
-Нэмнэ. Сайн дүрийн төлөө бол чадна. Би “Атлантида”-д тоглохдоо үсээ маш богинохон болгож тайрч байсан. Ер нь өөрийгөө өөрчилж чөлөөтэй байх дуртай.
-Хар шил зүүгээд нүүрээ алчуураар халхалчихсан явж байсан гэж сонссон?
-Би ер нь олны өмнө гарахаас цааргалдаг байсан. Одоо бол больсон. Хар нүдний шил зүүгээд кепка өмсөөд явах утгагүй юм билээ (инээв).
Нелли Уварова: Өдөржин шүдэндээ аппараттай, “тэнэг” дугуй малгайтай явдаг байлаа | ||
Үзсэн: 6236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.