Шууд Chart

Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

2014-11-28 14:19:57

Парис хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан байна. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “Монгол үндэсний шагайн харваа нь зуун дамжиж монголчууд наадаж ирсэн нүүдлийн соёлын уламжлал бөгөөд байгаль орчинтойгоо уялдаа холбоотой, мөн багийн хамт олныг дэмжсэн хүний тэсвэр тэвчээрийг шалгасан эрүүл мэндэд тустай наадгай юм. Ийнхүү бүртгэсэн нь Монгол Улсаас хүн төрөлхтөнд оруулж байгаа үнэт өв юм” гэж хуралдаад үг хэлэхдээ онцложээ. 

Дашрамд дурдахад одоогоор ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд:

•Орхоны хөндийн дурсгалт газар (Orkhon Valley Cultural Landscape) 2004
•Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (Petroglyphic Complexes of the Mongolian Altai) 2011

Дэлхийн байгалийн өвд (World Natural Heritage):

•Увс нуурын ай сав газар (Uvs Nuur Basin) 2003

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад (Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity):

•Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 онд
•Монгол Ардын уртын дуу, 2009 онд
•Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд
•Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд
•Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
•Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013 онд

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалтад (List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding):

•Монгол Тууль, 2009 онд
•Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд
•Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд
•Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд
•Монгол уран бичлэг, 2013 онд

Дэлхийн дурсамж хөтөлбөрт

(MOW -Memory of the World Programme): Дэлхийн баримтат өвд (World Documentary Heritage):
•Лу. Алтан Товч -2011
•Монгол Шунхан Данжуур -2011
•Есөн эрдэнийн Ганжуур – 2013 зэрэг бүртгэлтэй байгаа билээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлжээ  
Үзсэн: 1359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй