Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Энэ долоо хоногт улс төрийн хүрээнд МАН-ын Бага хурлын хүлээлт байлаа. Баасан гарагийн 14:00 цагт товлогдсон тус хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Хурал товлогдсон тэр цаг мөчид УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн парламентад суудал бүхий намуудад хүргүүлсэн хамтран засаг байгуулах саналд МАН энэ Бага хурлаараа шийдвэр гаргах байсан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулсан Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг АН-тай тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй. Тиймээс намын Бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан" гэж тайлбарлалаа.
Ирэх оны улсын төсвийг батлахдаа зардлаа бууруулж, хэмнэлтийн горимд шилжих бодлого барьж төлөвлөсөн гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн. Тэгвэл нийслэлийн төсөв хэлэлцэж байгаа энэ үед Улаанбаатар хот ч гэсэн хэмнэлтийн горимд шилжлээ. Тодруулбал, Улаанбаатар хот Сангийн яамнаас баталж өгсөн орлогын төлөвлөгөөг 50-70 тэрбумаар ахиулж хотын хэвийн ажиллагааг явуулдаг. Харин энэ жил хэмнэлтийн горимд шилжсэн учраас Засгийн газраас баталсны дагуу төсвөө боловсруулж 57 тэрбумын урсгал зардлыг танахаар болжээ.
Японы Родины музейд Монголын 14 зураачийн “Фүжи уулын 14 төрх” үзэсгэлэн дэлгэгдсэн. Таны амралтад зориулж эдгээр бүтээлийг танилцуулж байна. Уншигч та бүхэн “Фүжи уулын 14 төрх”-ийг ЭНДЭЭС сонирхоно уу.
“Фенобарбитал” эмийн тунг хэтрүүлэн олгож, 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нарын хэргийг энэ долоо хоногт шүүж, эмийн санчид хоёр жилийн хорих ял оноолоо. Гэвч тэрбээр одоо жирэмсэн тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан байна. Харин эмийн хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгст нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнсэв.
Хөвсгөл аймгийн Түнэл суманд малын боом өвчин гарч энэ сарын 21-нээс хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга н.Галбадрахтай утсаар холбогдоход, “Түнэлд боомоор өвчилсөн үхрийг шатааж газарт булсан. Нутгийн ойр хавьд ариутгал шинжилгээ хийсэн. Яг юунаас болж өвчилснийг тогтоох гэсэн боловч тодорхойгүй байна. Ямартай ч дахиж мал энэ өвчнөөр өвчлөөгүй. Удахгүй хорио тавигдана” гэлээ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс “Иргэний аюулгүй байдлыг хангах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд I-VIII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний дэлгүүрт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй, хятад ханзаар бичсэн шошготой хоёр литр 500 грамм савлагаатай 42-60 градусын хатуулагтай найман нэр төрлийн 1381 ширхэг буюу 1 тонн 407 литр 128 грамм архи согтууруулах ундааг өнгөрсөн даваа гарагт илрүүлж, дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгажээ. Дээрх архинд агуулагдаж буй бодисууд нь Монгол Улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүнд металлын үлдэгдэл мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр өвөрмөц амт, хурц үнэртэй байгаа аж. “Эдгээр архи нь аюултай бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хөнөөлтэйг тод харууллаа” хэмээн мэргэжилтэн онцлон ярьсан юм.
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулъя. Өнөөдөр ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.