
Бид ДОХ-той "танилцаад" аль хэдийнэ 22 жил өнгөрчээ. Манай улсад “Дархлалын олдмол хомсдол” гэх өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээг сонсоод зарим нэг нь айдаст автаж, зарим нь огтоос мэдэхгүй “ДОХ гэдэг чинь дурандаж олсон хайр” гэж байгаа юм аа гээд хэнэггүйхэн хариулж байсан сан. Гэтэл эмчилгээ байхгүй, амьдралыг тэр чигээр нь залгидаг тэрхүү өвчнийг 181 болтол “дуранджээ”.
Ийнхүү ДОХ, Монгол хоёр хүзүү холбон тэврэлдээд, гар барин хөтлөлцөөд бүр салах шинжгүй дотносож, ижилсэн дасаж, ихэрлэн "үржиж" эхэллээ. Хар нөмрөгтэй, хохимой толгойтой, хадуур барьсан эрлэгийн элч ноён ДОХ-ын төрх өдгөө өөрчлөгдөж, зүс царай нь хүртэл аядуу зөөлөн харагдах болов. Хорь гаруй жилийн өмнө түүнтэй анх "танилцаж" асан монголчууд ...1...3...5 гэж тоолох бүртээ айдсыг мэдрэн, амьсгаа даран түгшдэг байсан. Сенсаци тарьсан энэ мэдээнүүдийг хэвлэлийнхэн ч алдалгүй шүүрч, хэсэгтээ баахан шуугисан.
Харин одоо салбарын яам нь, хэвлэл мэдээллийнхэн, цаашлаад монголчууд бүхлээрээ цочирдохоо болиод удаж байна. ...100, ...113, 114, ...146, .... 181 гээд өсөлтийн хурд авсан тоон үзүүлэлтийг түгдэрч, гацалгүй дуржигнуулдаг болчихлоо. Шинэ зууны аймшигт тахал ДОХ ийнхүү эртний "танил"-ын буурь заан, хойморт заларч эхэлсэн нь энэ. Сүүлийн тоог тогтоож амжаагүй шахам байтал ноён ДОХ-ын “найзуудаар” 25-39 настай залуус тодрох болов. Бүр ахлах сургуулийн хүүхдээс ДОХ илэрсэн талаар нэг хэсэгтээ шуугисан. Гэхдээ энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй ч ДОХ-ыг мартсан монголчуудыг сэрээж, нийгэмд дахин цочроо өгөх цаг болсныг гэрчилж байна. Угтаа бол ноён ДОХ Монголын залуусаар хүрээгээ тэлж, эгнээгээ өргөсгөж байгаа нь аюулын харанга дэлдэхэд ч багадахаар дохио юм.
Өмнө нь ДОХ-оор өвчилсөн нэг хүний ард халдвар авсан байх магадлалтай 10 хүн байдаг гэж ярьдаг байсан бол одоо үүнийг ДЭМБ-ын нарийн технологиор хэмжиж, тооцоолдог болж. Өнөөдрийн байдлаар Монголд ДОХ-ын 181 тохиолдол бүртгэгдсэн бол тэдгээрийн ард 772 хүн энэ халдварыг авсан байх магадлалтай гэнэ. Энэ тоо зүгээр л толгой сэгсрээд өнгөрөх тоон үзүүлэлт биш.
ДОХ газар авч, Монголыг бүхэлд нь залгиж магадгүй бас нэг том шалтгаан бий. Энэ нь манай хоёр хөрш халдвар тээгчид хийгээд хамсаатныхаа хүрээгээр дэлхийд толгой цохиж эхэлсэн явдал юм. Мөн сүүлийн үед манайхан нэлээд зорчих болсон Тайланд, Тайваньд ДОХ-ын халдвар хүчээ авчээ. Өнөөдрийн байдлаар урд хөршид 500 мянга орчим хүн ДОХ-оор өвчилснийг албан ёсоор зарлав. Гэхдээ хөндлөнгийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадад энэ тоо хэдийнэ 650 мянгад хүрсэн ба халдвар маш эрчимтэй тархаж байгаа гэнэ. Мөн манай улсын баруун хязгаартай хиллэдэг Шинжаан Уйгарт халдварын тархалт хамгийн өндөр байна гэсэн мэдээ бий. Хятадын Эрүүлийг хамгаалах яамны судалгаанд дурдсанаар шинээр илэрсэн тохиолдлуудын 37 хувь нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, 28 хувь нь хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох үедээ халдвар авсан байжээ. Эндээс бид хялбар дүгнэлт хийчихэж болно.
Хөршүүдэд ийнхүү ДОХ-ын гинжин хэлхээ улам бүр тэлсээр. Юутай ч Хятад улс сүүлийн үед ДОХ-ын илрүүлэлтэд онцгой анхаарал тавьж эхэлжээ. Энэ асуудалд төрийн бодлогоор гар бие оролцсоноор Хятадын эрдэмтэд шүлсээр энэ өвчнийг 30 минутын дотор илрүүлдэг тест бүтээсэн сурагтай. Ингэснээр хүмүүс өөрийгөө бие даан шалгах боломжтой болсон бөгөөд сексийн хамтрагчаа ч эрүүл эсэхийг мэдэж болох гэнэ. Гэтэл Монголын төр ард түмнийхээ яг хэд нь ноён ДОХ-той “найзлаад” байгааг илрүүлж тогтоох тал дээр хөдлөх шинж алга.
Ийнхүү нүдэн балай чихэн дүлий суухын оронд балчир жаахан хүүхдүүдээс эхлээд настнуудыг хүртэл толгой дараалан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах талаар нэгийг бодох цаг болсон юм биш үү. Үнэндээ монголчууд иймэрхүү зүйлд “Хүний эрх, миний эрх” гээд орилоод байдаггүй ард түмэн. Энэ ч утгаараа шинжилгээ өгөх албан даалгаврыг сайн биелүүлнэ гэдэгт эргэлзэх юм байхгүй.
Цаашлаад Монголд цөөнгүй хугацаагаар ажиллаж амьдрах, аялж жуулчлахаар ирдэг гадаадын иргэдээс ДОХ-ын шинжилгээг заавал авдаг хууль өнөөдөр үгүйлэгдэж байна. Халдвар тээж яваагаа Монголд ирээд мэдэж байгаа гадаадын иргэдийн тоо өнөөдөр нэмэгдсээр... Тэд хичнээн монгол хүнийг золиосолсныг бид харамсалтай нь мэдэхгүй. ДОХ-той тэмцэх талаар Монгол Улсын төр, засгийн бодлого хөтөлбөрөөс цухас сөхье. ДОХ-ын асуудал манай улсад хөндөгдөж эхлэх үед буюу 1987 онд ХДХВ-тэй тэмцэх тухай Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч байсан. Харин 1993 онд бие даасан хууль гаргасан байна. Энэ хуулийг 2004 онд шинэчилсэн гэж тэмдэглэжээ. Чухам тэр үед ДОХ-той хүн ердөө таваар тоологдож байлаа. Тэгвэл одоо 181-д хүрчихээд байна. График үзүүлэлт дахиад дээшилнэ.
Магадгүй өнөөдөр дахиад нэг, хоёр хүн нэмэгдэж мэднэ. Ийм атал есөн жилийн өмнө баталсан хуулиар ДОХ-ын тархалтыг зогсооно гэж үү. Уг нь тус хуулийг шинэчлэн засварлахаар төлөвлөж буй юм билээ. Гэхдээ өнөөдөр хийгээд ирээдүйтэйгээ хэр нийцэх вэ гэдэг чухал. ...Төв Ази, Зүүн Европт ДОХ-ын халдвар сүүлийн зургаан жилийн байдлаар 150 хувиар нэмэгджээ. Вьетнам, Индонези зэрэг улсад халдвар тээгчдийн тоо хоёр дахин өсөв. Дэлхий дээр жил тутамд дунджаар 1.5 сая хүн ДОХ өвчнөөр хорвоог орхиж байна. Тэр дундаа Африк улс нас барагсдын тоогоороо дэлхийн нийт хүний гуравны нэгийг эзлэх болжээ. Тэгвэл монголчууд бид хэдүүлээ билээ!?!
ДОХ-ын шинжилгээг 60 газарт авдаг
Улсын хэмжээнд энэ вирусийн шинжилгээг 60 орчим цэг дээр хийж байгаагаас 35 нь сайн дурын шинжилгээ хийдэг газар юм. ДОХ-ын шинжилгээг өдөрт 500-700 хүн хийлгэдэг байна. Хүсвэл 15-20 минутад шинжилгээний хариуг гаргаж өгөх боломжтой аж. ХДХВ-ийн шинжилгээг сайн дураар, үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэсэн хоёр хэлбэрээр хийдэг. Ихэвчлэн сайн дурын үндсэн дээр авдаг байна. Харин эрүүл мэндийн байгууллагын заавал авах ёстой гэсэн зөвлөгөөгөөр шинжилгээ өгөхийг үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэж нэрлэдэг аж. Заавал шинжлэх хүмүүст жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэ болон бэлгийн замын өвчний улмаас оношлуулж байгаа иргэд орно.
ДОХ-той ээжээс төрсөн 11 эрүүл хүүхэд байна
ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-тэй тэмцэх албаны дарга Ж.Даваалхамаас Монголд ДОХ-той эх амаржсан эсэхийг тодруулахад “Манай улсад ДОХ-оор өвчилсөн 10 ээж амаржсанаас бүгд эрүүл хүүхэд төрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй нэг ээж дахин төрсөн. Одоогоор манайд ДОХ-той ээжийн 11 хүүхэд эрүүл саруул өсөн бойжиж байна” гэлээ.
Яг нэг жилийн өмнөх энэ өдөрт зориулан нийтлэл бичиж суухад 147 дахь тохиолдлын талаар яригдаж байлаа. Жилийн дараах энэ өдөр 181 дэх тохиолдлын талаар өгүүлж сууна. Нэг жилийн хугацаанд 34 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэхээр аймшигтай биш гэж үү. Энэ өвчнөөр өвчлөгсдийн олонх нь 25-39 насны хөдөлмөрийн идэвхтэй насныхан. Энэ улсын ирээдүйг түүчээлэх эрхэм нөхөд юунд дэгээдүүлээд байна вэ. Уг нь энэ өвчнийг дайрах бус тойроод гарах боломж байх. Гэтэл яагаад жил ирэх бүр энэ тоо нэмэгдээд байдаг болов. Үүнд хэн буруутай вэ.
Өнөөдрийн энэ өдрийг тохиолдуулан нэлээд олон арга хэмжээ зохион байгуулагдана. Эрүүлийг хамгаалах яам нь ДОХ-ын тохиолдол хэдэд хүрснийг ард түмэнд зарлаж, сургуулиуд болоод гудамжинд бэлгэвч тараах их аян өрнөнө. Иймэрхүү үйлдлийг жил бүр зохиож байна. Тэглээ гээд өвчлөл буурах биш харин ч нэмэгдэх хандлагатай. Зарим нь тэдний энэ үйлдэлд бүр ч эгдүүцдэг гэх. Энэ өвчнөөс иргэдээ хамгаалах ажил бэлгэвч тарааснаар дуусч боломгүй мэт. Угтаа бид энэ өвчний талаар мэддэг юм шиг атлаа мэддэггүй юм шүү дээ. Түүнийг нь мэдүүлээгүй байж бэлгэвч тарааснаар асуудлыг орхиж болохгүй. Хамгийн чухал нь найман настайгаас 80 настай буурлуудад ч энэ өвчний талаарх мэдээллийг алхам бүрт нь өгөх учиртай. Орой бүр телевизүүдээр гардаг алдарт савангийн дууриудынхаа дундуур ДОХ-ын талаарх мэдээллийг тогтмол өгдөг болмоор байна. Гудамж талбай бүрт мэдээллийн самбар байрлуулж яагаад болохгүй гэж. Автобусны буудал дээр унаа хүлээж зогсохдоо хуурай сүүний сурталчилгааг биш ДОХ-ын талаарх мэдээллийг уншиж зогсоход бүгд биш юм аа гэхэд нэлээд олон хүний бодолд “Энэ чинь аюултай шүү” гэх зүйл үлдэнэ биз дээ.
Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь залуус минь өөрсдөдөө болоод гэр бүлдээ үнэнч байцгаая...
ДОХ-ын тохиолдол 181, түүний ард 772 магадлалтай иргэн | ||
Үзсэн: 7378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.