Шууд Chart

”Ballon d’Or”-т өрсөлдөгчдийн нэрс гарчээ

2014-12-02 09:52:54

Энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгох "Ballon d"Or" шагналын төлөө 23 тоглогч өрсөлдсөн байна. Улмаар  сүүлийн шатанд өрсөлдөх гурван тамирчны нэрс албан ёсоор тодорлоо. Сүүлийн шатанд Португалийн шигшээ болон "Реал Мадрид" клубын супер од Криштиану Роналду болон Аргентины шигшээ болон "Барселона" клубын супер од Лионель Месси мөн Германы шигшээ болон "Байерн Мьюнхен" клубын хаалгач Мануэль Нойер нар тус тус тодорчээ.

Лионель Мессигийн хувьд хамгийн сүүлд лигийн мэргэн буучдын жагсаалтыг 74 гоолтой тэргүүлж, домогт Раулын амжилтыг эвдээд байгаа. Гэвч клубынхээ хүрээнд ямар нэг цомд түрүүлээгүй. Харин шигшээ багийнхаа хамтаар хөлбөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медалыг хүртэж, дэлхийн шилдэг тоглогчоор шалгарсан билээ.

Криштиану Роналдугийн хувьд өнгөрсөн улиралд клубынхаа хамтаар Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт түрүүлж, Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан буюу 17 гоол хийж рекорд тогтоосон юм. Мөн Испанийн эзэн хааны цомд манлайлан амжилтаар дүүрэн улирлыг эхлүүлээд байгаа.

Мануэль Нойерын хувьд Бундеслига болон Германы цомд давхар түрүүлж, ДАШТ-ийн "Алтан дагины эзэн" болоход Германы шигшээ багт чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч Вallon d"Or" шагналд хаалгачид төдийлөн тэнцээд байдаггүй бөгөөд энэ шагналыг сүүлийн 50 гаран жил ямарч хаалгач хүртээгүй билээ.

Ийнхүү ”Ballon d’Or”-т  Криштиану Роналду өнгөрсөн жилийн амжилтаа давтаж өөрийн гурав дахь "Вallon d"Or"-оо хүртэх үү, аль эсвэл "Вallon d"Or"-ыг дөрвөн удаа хүртсэн цор ганц хөлбөмбөгч болох Леонель Месси тав дахь удаагаа хүртэж түүхэн амжилт тогтоох уу, эсвэл Мануэль Нойер Орос хаалгач Лев Яшины амжилтыг давтаж, "Вallon d"Or" хүртсэн түүхэн дэх хоёр дахь хаалгач болох уу, гэдгийг ирэх оны нэгдүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотод албан ёсоор тодруулах юм.

Түүнчлэн 2014 оны шилдэг дасгалжуулагч болон шилдэг гоолын төлөө өрсөлдөж буй эрхмүүд энэ өдөр шагналаа гардана.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

”Ballon d’Or”-т өрсөлдөгчдийн нэрс гарчээ  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй