![](/uploads/201308/news/thumb/de92b320fd474fde4af686361cb1e860_x3.jpg)
Өнгөрсөн долдугаар сард “мөнгөний далд уурхай” хэмээгддэг Жаст групп албан ёсоор дампуурлаа зарлаж, ардчилсан ерөнхийлөгч тангараг өргөсний дараа “наранд гарна” хэмээгдэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод түүний хань хамсаатнуудын гэрт нэгжлэг хийсэн зэрэг дуулиант хэргүүд ар араасаа гарсан. Хамгийн гол нь эдгээр хэргүүд төсөөлшгүй урвуу хамааралтайгаар өрнөсөн нь ард иргэдийн дунд ихээхэн төөрөгдөл үүсгэхэд хүрсэн билээ.
Тэгвэл наймдугаар сар гарсаар ерөнхийлөгч твиттертээ “Өглөөний мэнд. Хүн өглөгч сэтгэл, хайр энэрлээс үүссэн гэж зүүдэлж сэрлээ. Ерөөл бүхэн биелсэн сайхан өдөр болог” хэмээн жиргэсэн бөгөөд тэр өдрийнхөө үдээс хойш Н.Энхбаярт өршөөл үзүүлэх зарлигт гарын үсгээ зурсан. Ийнхүү “ Н.Энхбаяр ч ингээд өнгөрч дээ” гэсэн олны таамаглал эргээд “наранд гарах” хувилбар дээрээ очиж, нам зогссон нь долдугаар сарын нэгжлэг хийсэн их үймээнийг жинхэнэ төлөвлөгөөт ориг шоу байсан уу гэсэн хардлагыг бий болгосон.
Яг эл хэргийн нэгэн адил “Олон овоот”-ыг тойрсон эздийн асуудал МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн жүжгийн эхлэл, туйлтай тун адилхан өрнөж байгаа гэлтэй. “Жаст”-ын Ш.Батхүү хэвлэлийн бага хурал зарлан өөрийгөө жирийн иргэн болсноо мэдэгдэж, “Олон овоот” компаниа хамтран хувь эзэмшигч Г.Алтанд шилжүүлснээр жүжиг эхэлсэн. Өөрөөр хэлбэл Батхүү албан ёсоор тоглоомын талбараас гарсан гэсэн үг. Тэгэхээр талбайд Г. Алтан, “Олон овоот” хоёр үлдэж байгаа юм.
Авилгалын загалмайлсан эцэг хэмээгддэг Н.Энхбаярын хэрэг дээр ардчилсан ерөнхийлөгч хожлын шоог гартаа атгаж, нэгэн цагт төрийн тэргүүн явсан эрхэм хүн бөмбөг төдийхөн болж хувирсан удаатай. Тэгвэл яг одоо өрнөж буй адил явдалт жүжиг дээр Г. Алтан нууц ноёнтны зүгээс хожлын шоог гартаа авах төлөвлөгөөг зохиогч, “Олон овоот” бөмбөг болж таараад байна. Эл хоёр жүжгийн гол ялгаа нь тайлагдсан, өрнөж буй гэдгээрээ буюу цаг хугацааны хувьд жаахан зөрүүтэй байгаад л оршиж буй юм.
Жүжгийн гол дүр Г.Алтан бизнес ертөнцөд азтай одтой гялалзаж явсан цаг ч бий. Алдаж эндэж явсан нь ч бий. Одоогоос найман жилийн өмнө “САПУ” худалдааны төв галын тахилгад өртөснөөр омог бардам явсан эмэгтэйг багагүй ухаан суулгаж, шөрмөстэй болгосон гэж болно. Олон хүнийг хоолноос нь салгасан гэсэн нэр зүүдэг ч тухайн үед 10 сая төгрөгөнд эргэлддэг худалдаагаа хорин сая болгон Г.Алтангаар төлүүлж авсан хүмүүс ч цөөнгүй.
Тэр дуулиант явдлын дараахан МҮОНТ-ийн “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт Г.Алтан уригдан оролцож, сэтгүүлч, яруу найрагч Ш. Гүрбазартай халуун яриа өрнүүлж суухдаа хохирогчиддоо мөнгө тараасан бичлэгээ цухас үзүүлсэн билээ. Тэр бичлэгт тор тороор мөнгө тарааж буй Алтангийн хүлцэнгүй дүрс гарснаар өөрсдийн жаахан бараагаа галд үйснээрээ далимдуулан хэт их мөнгө нэхэмжилсэн түрээслэгчдийн увайгүй шунал ил болж байсан удаатай.
Тухайн үед ямар ч мөнгөний эргэлтгүй болсон ч хувь хүний гайхалтай тэвчээрээр ИО-оор хүртэл хичээллэж, өөртөө эзэн болж үлдсэн энэ эмэгтэйд банкууд итгэж, барьцаагүй шахам зээл олгосон гэдэг. Ийнхүү бизнесийн салбарт дахин хүч түрэн орж ирсэн Г.Алтан 2008 онд “Жаст” группийн босс Ш.Батхүүтэй алтан түнш болж шадарлах болсон билээ.
Тэрээр өөрийн эзэмшлийн “Алтжин” шатахуун түгээх станцуудаа “Жаст”-д худалдан улмаар долоон компанийн 420 га газрыг “Жаст” группийн нэр дээр шилжүүлснээр “Хадгаламж” банкны 60 хувийг эзэмших болсон байна. Тэдний наймаа үүгээр дууссангүй. “Олон овоот”-ын алтны ордыг эзэмших лицензийн 50 хувийг мөн л Г.Алтан худалдан авсан аж.
Ийнхүү 2008 оноос эхлэн хамаг бизнесээ хольж хутгасан түншүүд эдийн засгийн хүнд нөхцөлд орохдоо ч хамт ойчих дөхсөн. Тодруулбал, “Хадгаламж” банк, “Төрийн банк”-ны мэдэлд шилжснээр 60 хувийн эзэмшилт Г.Алтанд улсын мэдлийн банкаас ашиг хувь хүртэж чадахгүйд хүрсэн юм. Ийм нөхцөл байдалд Батхүү нэгэнтээ энгийн иргэн болсноо зарласан тул Алтан амиа авч үлдэх үүднээс “Олон овоот”-оороо жүжиг найруулж эхлэсэн гэхэд болно. Тэрээр өөрийн мэдэлд зуун хувь шилжиж ирчхээд байсан ордоос гэнэт татгалзаж, олон залуусыг ажилгүйчүүдийн эгнээнд өршөөлгүй шидэж орхилоо.
Ингэхдээ “Олон овоот”- ын нөөц тооцоолсноос бага, цаашид ажиллуулахад санхүүжилт байхгүй гэх үндэслэлээр тус ордыг хэвийн ажиллуулахад шаардагдах 30 сая ам.долларыг босгох зорилгоор Хонг Конгоос мэргэжлийн баг урьж ажиллуулахаар болсон билээ.
Одоогийн байдлаар “Олон овоот гоулд” ХХК нь арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, татварын байгууллагад нийт 300 орчим тэрбум төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл бий. Мөн эх сурвалжууд Олон овоотын орд газрыг дөрвөн тонн алтны нөөцтэйг баталж байгаа. Гэсэн хэдий ч хишгээ чамаласан “Алтжин” группийн удирдлагууд дөрвөн тонн алтыг олборлохын тулд асар их хөрс хуулах учраас ямар ч ашиггүй гэж мэдэгдэж байна.
Энэ мэдэгдэл өнөөх л жүжгийн өрнөл хэсэг бөгөөд чухам хэдий болтол ямархан төрхтэйгөөр үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч адтай Г.Алтан эрхмийн эдийн засгийн хүнд нөхцлөөс гарахын тулд гадныхны анхаарлыг татаж, хөрөнгө босгох гэсэн ээлжит жүжгийн үр дүн эхнээсээ гарсаар байна.
Ерөнхийлөгч, Г.Алтан хоёрын арга нь ижилхэн | ||
Үзсэн: 3973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.