Авто замын салбарт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 37 чиглэлд 1886.4 километр зам, 2040.86 метр гүүр баригдаж байна. Энэ оны Мэргэжлийн хяналтын шалгалтаар гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй дөрвөн авто замын дотоодын эх үүсвэрээр, Улсын төсвийн хөрөнгөөр 582.266.3 сая төгрөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлууд хамрагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39,9 километр авто замын барилга угсралт, зураг төсөл, 65 метр гүүрийн засвар шинэчлэлт хийгдэж байна. Мөн “Гудамж төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж байгаа 20.7 километр авто зам, дөрвөн авто замын уулзвар, Архангай аймгийн Эрдэнэбулган, Увс аймгийн Улаангом сумын төвийн авто зам, уулзваруудын өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдлыг хамруулан шалгав. Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бусад зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажлууд хамрагджээ.
Шалгалтаар авто замын хоолойн урт богинодсон, түмбэ байрлуулах боломжгүй, ус зайлуулах байгууламжийн хэмжээ багадсанаас тухай хэсэгт ус нэвтрэх хүчин чадал хүрэхгүй зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна. Тухайлбал, Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Зуунмод-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Лүн, Арвайхээр-Нарийнтээл, Улаанбаатар-Налайх-Чойр, Улаанбаатар-Багануур чиглэлийн замын зарим хэсэгт болон Хэнтий аймгийн Дуутын даваа-Мөрөн чиглэлийн 50 километрийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад, асфальтбетон хучлагад торон дагуу болон хөндлөн хагарлууд үүссэн, их хэмжээний нүх гарч цоорсон, буталсан чулуун суурь ил гарсан, овойлт үүссэн, хучилтын доороос шаварлаг материал ил гарсан байжээ.
Харин нийслэлд ашиглагдаж байгаа авто замуудын хувьд хорооллын доторх болон хотын зах орчмын авто замуудад замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдсан, хашлага эвдэрсэн. Мөн замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт цоорсон, зам доогуурх инженерийн байгууламжийн орчимд суулт өгч цөмөрсөн, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж эвдэлсэн, гарц гаргасан зэрэг ашиглалтын явцад үүссэн зөрчил түгээмэл илэрсэн гэнэ.
Шинээр хийгдсэн ажлуудын зөрчлөөс дурьдвал, “Цэцэг” төвийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл нь орон сууцны хороолол дундуур орон сууцны барилгад ойр төлөвлөж, авто замын барилгын ажлын зураг төслийг магадлан итгэмжлэлийн дүгнэлт гаргуулаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулаагүй зэрэг томоохон зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас илрүүлжээ.
Тус газраас илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай 145 заалттай 55 албан шаардлага, 84 заалттай 50 дүгнэлт, авто зам, гүүрийн ашиглалтын байдалд улсын байцаагчийн 13 заалттай 11 акт гаргажээ. Үүний хэрэгжилтийг хангуулах хугацаатай албан шаардлага өгсөнөөс 198 зөрчлийг буюу 90 хувийг арилгуулсан, үлдсэн 22 зөрчлийг арилгах хугацаа болоогүй гэнэ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.