Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-12-06 08:37:31

Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Энэ долоо хоногт улс төрийн хүрээнд шинэхэн Ерөнхий сайдын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нэлээд анхаарал татаж байлаа. Өнгөрөгч долоо хоногт тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МАН-ын Бага хурал хуралдаж, МАН АН-тай хамтарч Засаг байгуулахаар болсон. Түүний дараачийн өдрөөс УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд хуралдаж, Засагт орох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хэдэн өдөр дараалан хуралдсан хуралдаанаас “Шударга ёс” эвсэл болон Иргэний зориг ногоон нам Засгийн газарт хамтарч ажиллахаар болсон бол бие даагчид сөрөг хүчин болохоо мэдэгдсэн билээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 15 яамтай байхаар болсон. Тэгвэл энэхүү яамдыг толгойлох сайдын нэрсийг УИХ-д суудалтай нам эвслээс гаргаж байгаа. Тухайлбал, энэ Засгийн газарт Ардчилсан нам зургаа, Монгол ардын нам тав, Шударга ёс эвсэл гурав, Иргэний зориг ногоон нам нэг суудалтай байхаар болсон юм. Намууд хурлаа хийж сайдуудынхаа нэрийг хараахан өргөн бариагүй байгаа бөгөөд одоогоор МАН таван сайдынхаа нэрийг зарлаад байна. Тус намаас Монгол улсын шадар сайдад У.Хүрэлсүх, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол, Зам тээврийн сайдад Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын сайдад Д.Цогтбаатар, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг нарыг санал нэгтэйгээр дэвшүүлсэн аж.

-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 19-нөөс эхэлнэ. Бага ангийхныг II улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрахаар болсон байна. Хөдөө орон нутгийн сурагчид мал төллөх үеэр буюу III улирлаар хотын сурагчдаас нэг долоо хоног илүү амардаг тул энэ улиралд дунд ангийнхан 2 долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амрах гэнэ.

Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн  нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгийн тээрмийн усан ангилагчийн нэгийг хамарсан гал гарсан. Гал түймрийг цаг тухайд нь унтрааж, аюулгүй ажиллагааг хангасан байна. Харин энэ талаар тус компанийн толгой компани болох “Туркойз Хилл Ресурс”-ээс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлд “Галын шалтгааныг тогтоох шалгалт өчигдөр дууссан. Одоогоор үйлдвэрийг ахин ажиллагаанд оруулах болоод галаас үүдэлтэй хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явагдаж байна. Галаас болж хүний ам нас болоод томоохон хохирол учраагүй гэх эхний дүгнэлт гараад байна. Бид ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг хангах, шалгалт хийх зорилгоор баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан бол өнөөдрөөс ахин ажиллуулахаар зэхэж байгаа. Ингэхдээ галд өртсөн ангилагчийг тусгаарлан бусад тоног төхөөрөмж, системүүдийн тусламжтайгаар баяжуулах үйлдвэрийг ажиллуулах боломжтой гэж харж байна. Харин баяжуулах үйлдвэрийг хэвийн ажиллагаанд оруулсны дараагаас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ гэх үнэлгээг хийх болно” гэжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоож, хэрэгжүүлж эхэллээ. Шинэ тарифын талаарх дэлгэрэнгүйг  ЭНДЭЭС уншина уу.

Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 818.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт өчигдрийн байдлаар арилжааны банкуудад иржээ. Үүнээс банкууд 18661 зээлдэгчийн нийт 526.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 26880 иргэнд 1519.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Иргэдэд цахим системээр газар өмчлөх II шатны таван байршлийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарлалаа. Уг байршилд цахим системээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа энэ сарын 10-ны өдөр албан ёсоор эхлэх аж. Энэ удаад СХД-ийн Эмээлт уулын баруун хоолой, БЗД-ийн улиастай, бага цуурайн ам, БНД-ийн Тариан булгийн II хэсэг, БХД-ийн Хангайн хөндийн I хэсэг гээд нийтдээ 2245 га газарт газар өмчлүүлэхээр болжээ.

МУГЖ, дуучин С.Жавхлан хямрал нүүрлээд байгаа өнөөгийн хүнд үед баяр тэмдэглэж мөнгөө дэмий зүйлд зарахгүй байхыг уриаллаа. Тэрбээр энэ жил ямар ч Шинэ жилийн хүлээн авалтад оролцохгүй, халтуур хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин хандивын тоглолт хийж олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн иргэдэд өгөхөөр болсон гэнэ. Увс аймгийн төвд 390-ээд өрх “Идэх хоолгүй байна” гэсэн судалгаа гарч, аймаг орон нутаг нь хүнсний талон олгох маягаар аргацааж байгаа юм байна. С.Жавхлан “Зарим нь идэх хоолгүй байхад Шинэ жилийн баяр тэмдэглэж хэрэггүй зүйлд хөрөнгө зарцуулахаас энэ жилдээ татгалзах хэрэгтэй. Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. “Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзацгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна” гэсэн юм. Мөн тэрбээр энэ сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Монгол өлсөх учиргүй” нэртэй хандивын тоглолт хийхээр болсон тухайгаа мэдэгдлээ.

Монголын "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-г анх удаа шалгарууллаа. Энэхүү арга хэмжээнд 15 сайхан бүсгүй оролцсон бөгөөд тэд хамтран бүжиглэж, үндэсний хувцсаа өмсөн тайзнаа гарч, дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамт үзүүллээ. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд оролцож, “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н эрхийн төлөө чадвараа сорьсон бүсгүйчүүд дунд Архангай, Булган, Баянхонгор, Завхан аймгийн сайхан охид багтаж байв.

Өнгөрөгч долоо хоногт “ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр” тохиосон. Үүнтэй холбогдуулан бичсэн манай сэтгүүлчийн нийтлэлийг ЭНДЭЭС уншаарай. Манай орны хувьд 181 иргэн ДОХ-ын вирусээр халдварласан бөгөөд эдгээрийн олонх нь 25-39 насны залуус байгаа аж.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй