Г.Оюун
Өнгөрөгч амралтын өдрүүдэд манай хотынхон тун ч завгүй өнжив. Хүрзтэй нь хүрзээ, шүүртэй нь шүүрээ бариад, цас, мөс арилгахад хэрэглэж болох бүхий л багаж хэрэгслээ аваад дулаан хувцаслан гэрээсээ гарсан. Манай “Монгол ньюс”-ийнхэн ч ялгаагүй, хүрз зээтүүгээ барин байгууллагынхаа орчин тойрон, ойр хавийн нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэсэн юм. Хуучнаар Шар дэлгүүрийн урд, Жуулчны гудамжны баруун үзүүрт байдаг манай ажлын оффисын өмнөх зам, талбай хотын нэлээн хөл хөдөлгөөнтэй хэсгийн нэг. Машины зогсоол нь зайгүй шахам битүү, сав л хийвэл түгжрээ үүсдэг энэ хавийн замаар байнга зорчдог жолоочдын магнай лав тэнийсэн байх аа. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хоёрхон цагийн дотор бид эргэн тойрныхоо зам талбайг бүхэлд нь цэвэрлэсэн. Хот даяараа хөдөлбөл нийслэл маань ямар ч хальтиргаа, гулгаагүй болох боломж байгаа юм байна гэж бодогдсон шүү.
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ сарын 14-16-нд хот даяар нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 15.00 цагийн байдлаар 21456 хүн их цэвэрлэгээнд оролцож, 2241 аж ахуйн нэгж байгууллага гадна орчин, нийтийн эзэмшлийн зам талбайгаа цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр ярилаа. Аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас гадна сургууль, цэцэрлэгүүд ч энэ ажилд идэвхтэй оролцож, 97 сургууль, 77 цэцэрлэг хавь орчмынхоо цас, мөснөөс салжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 132 хорооноос 90 гаруй нь цэвэрлэгээнд гарсан бол 354 СӨХ байр сууцныхаа ойр орчмын цас мөсийг арилгасан байна. Хальтиргаа гулгаа ихтэй энэ үед Засаг даргын дээрх захирамж ихээхэн нүдээ олсон ажил болсонд ард иргэд ихээхэн ам сайтай байна. Дараагийн цас ортол жолооч нар түр ч атугай сэтгэл амсхийх нь. Салхилахаар гарч ирсэн хүүхэд, хөгшчүүл гудамж талбайгаар айлтгүй алхаж болохоор боллоо.
Дараагийн цас ортол нэг хэсэгтээ алзахгүй ээ | ||
Үзсэн: 1373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.