![](/uploads/201412/news/thumb/78cbdce137b3787254e95ac5ee93d639_x3.jpg)
Өчигдөр Үндэсний лигийн талбайд эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт боллоо. Эмэгтэй дээд лигт ХҮДС-ийн "Ирвэсүүд" баг эхний тоглолтоо "Баянгол Фалконс" багтай хийсэн бол эрэгтэй лигт "Их Өргөө Аравтууд" баг эхний тоглолтоо "Сентоза Арслангууд"-тай хийлээ. Мөн "Дундговь Азарганууд" баг хуучин "Альянс Тех Харцага" багтай нэгдэж эхний тоглолтоо "Ханталст Ирвэсүүдтэй" хийсэн.
БАЯНГОЛ ФАЛКОНС vs ХҮДС ИРВЭСҮҮД – 54:53
Үндэсний Супер Лигийн эмэгтэй гурав дахь тоглолт өчигдөр боллоо. Энэ өдөр Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС "Ирвэсүүд" баг лигийн эхний тоглолтоо хийсэн. Ирвэсүүдийн хувьд өнгөрсөн жил "Спрайт Супер Лиг"-т тоглож байсан бүрэлдэхүүн нь ихээхэн шинэчлэгдэж, залуу тоглогчдоор цус сэлбэсэн байлаа. Харин тэдний эсрэг өрсөлдөгч нь лигт эхний хожлоо аваад байсан "Баянгол Фалконс" баг байлаа.
Тоглолт санаанд оромгүйгээр эхэлсэн гэж болно. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай "Ирвэс"-ийн залуу бүрэлдэхүүн тоглолтыг тун сайн эхлүүлж, оноогоор тэргүүлж эхэлсэн. Тэр дундаа туршлагатай, шилдэг төвийн тоглогч Б.Болор-Эрдэнэ дээр тулгуурласан тоглолт явагдаж, тэрээр энэ тоглолтонд 25 оноо, 15 самбар авч багаа тэргүүлжээ. Мөн Г.Оюун-Эрдэнэ 9 оноо, Б.Нандинцэцэг 6 оноо, 10 самбар, Ш.Өнөрмаа 5 оноо, 11 самбар авсан байна.
Гэсэн ч залуу баг тоглолтын төгсгөлд алдаа гаргалаа. Тэдний дамжуулалтыг ОУХМ Д.Ганзул хоёр ч удаа таслан, хурдан довтолгоонд шилжсэнээр тоглолт эргэсэн. "Фалконс" багаас Д.Ганзул 15 оноо, Ж.Мөнхсувд 15 оноо, 11 самбар, Б.Солонго 8 оноо, 9 самбар, Цолмон 8 оноо авч багаа тэргүүлжээ. Улмаар тоглолтын төгсгөлийг туршлагтай "Фалконс" баг сайн хийснээр, 54-53 харьцаатай хожиж, улирлын хоёр дахь хожлоо авлаа.
ИХ ӨРГӨӨ АРАВТУУД vs СЕНТОЗА АРСЛАНГУУД – 90:101 Наранбаатар дасгалжуулагчтай "Их Өргөө Аравтууд" баг "Үндэсний Супер Лиг"-ийн шинэ улирлын эхний тоглолтоо өчигдөр хийлээ. Д.Мөнхтүвшин тэргүүтэй тэдний бүрэлдэхүүн энэ жил ихээхэн шинэчлэгдэж, өнгөрсөн жил "Гарьдуудад" тоглож байсан С.Батбямба, "Ригс" багт тоглож байсан ОУХМ Ш.Сэдбазар, мөн Б.Мөнхбат зэрэг тоглогчдыг нэгтгэсэн байлаа. Тэд ч лигийг эрч хүчтэй эхлүүлж, Сентоза Арслангууд багийн эсрэг тун сайн эхлэл хийсэн. "Аравтууд"-аас бүтэн тоглолтын турш талбай дээр байсан С.Батбямба 23 оноо, 13 самбар, 8 оновчтой дамжуулалт, Д.Мөнхтүвшин 20 оноо авч багаа тэргүүлжээ. Мөн Ш.Сэдбазар 21 оноо, 12 самбар, 3 бөмбөг таслалт, Б.Мөнхбат 15 оноо авч багтаа тус хүргэсэн. Харин "Сентоза Арслангууд" тоглолтын эхлэлийг удаан хийсэн ч, өрнөлийг хүчтэй хийсэн. Тэдний хамгаалалт сайн болж, багаараа 17 бөмбөг таслалт хийсэн байна. Арслангуудаас Б.Батзолбоо 27 оноо, 3 бөмбөг таслалт хийсэн бол Chris Lawson 23 оноо, 14 самбар, 11 оновчтой дамжуулалт хийж, энэ улиралд трибль дабль хийсэн, 3 дахь тоглогч боллоо. Мөн Torin Walker 20 оноо, 16 самбар, Б.Тамжид 13 оноо, 8 самбар, 5 бөмбөг таслалт, Баатарсүрэн 6 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалт хийж, багаа хожиход тус хүргэжээ. Улмаар 101:90 харьцаатай Ж.Отгондарь дасгалжуулагчтай "Сентоза Арслангууд" баг хожиж, улирлын эхний хожлоо авлаа. ДУНДГОВЬ АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА vs ХАН ТАЛСТ ИРВЭСҮҮД – 97:90
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд өөрийн арвин түүх, амжилтаар тод мөрийг үлдээсэн баг бол Харцага баг билээ.Энэ жил багийн гол ноён нуруу болоод байсан ОУХМ Б.Одбаяр Австрали улсыг зорьсноор Харцагуудад түүний орыг хэн залгах вэ гэх асуудал үүсч, мөн зарим тоглогчдын гэрээ нь дууссанаар, асуудлууд үүсч эхэлсэн. Бүр лигт орж чадахгүй ч байж болзошгүй тохиолдол үүсээд байсан билээ. Гэсэн хэдий ч "Дундговь Азарганууд" багийн эзэн М.Мөнхболор болон "Альянс Тэх Харцага" багийн эзэн Баясгалан нар хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадсанаар М.Мөнхболор, Баясгалан эзэнтэй "Дундговь Альянс Тэх Харцага" баг "Үндэсний супер лиг"-т эргэн ирлээ. Ирэхдээ бүр хүчтэйгээр эргэн ирэлт хийж байна. Тэдэнд NBA-н экс тоглогч, хүчирхэг төвийн тоглогч Андре Браун, холбогч Жонсон, "Харцага"-ын Болортулга, Дорждамба, Золзаяа, Хүрэлбаатар, "Харцага" багт хүчин зүтгэж, лигийн аварга цолыг хүртэж явсан туршлагатай холын зайн мэргэн буудагч ОУХМ Цогтбаатар нар дээр нэмэгдээд энэ өдөр ОУХМ Г.Баттөр лигийн эхний тоглолтондоо оролцлоо. "Харцага" багийн үнэнч хөгжөөн дэмжигчид ч мөн, хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний эсрэг Ц.Цэвэрбал дасгалжуулагчаар удирдуулсан энэ жил тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа "Хан Талтс Ирвэсүүд" баг тоглосон. Тоглолт хүсэн хүлээж байсанчлан гайхалтай өрсөлдөөнтэй боллоо. Тоглолтын эхнээс Ц.Цэвэлдорж тэргүүтэй "Ирвэсүүд" баг хүчтэй байж, оноогоор давамгайлсан. Ирвэсүүдээс энэ өдөр Ц.Цэвэлдорж 28 оноо, Teeng Akol 15 оноо, 8 самбар, Дорж-Арилд 14 оноо, 9 самбар, Чадраабал 14 оноо, 10 самбар авсан. Мөн Terrence Joyner 11 оноо, 10 самбар, 13 оновчтой дамжуулалт өгсөнөөр, энэ өдрийн "трибль дабль" хийсэн хоёр дахь тоглогч болсон. Харин "Дундговь Харцагууд"-аас Carldell Jonhson 25 оноо, 8 самбар, 8 бөмбөг таслалт, Andre Brown 17 оноо, 10 самбар, Г.Баттөр 17 оноо, 10 оновчтой дамжуулалт, Э.Дөлгөөн 12 оноо, 5 бөмбөг таслалт, Б.Дорждамба 10 оноо, 10 самбар, Болортулга 11 оноо авчээ. Улмаар тоглолтын төгсгөлийг "Дундговь Харцага"-ууд баг сайн хийснээр, тун гайхалтай өрсөлдөөнтэй тоглолтонд 97:90 харьцаатай хожиж, улирлын гурав дахь хожлоо авлаа.
"Үндэсний супер лиг"-ийн тоглолтуудын мэдээлэл | ||
Үзсэн: 1602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.