Шууд Chart

Монголын чөлөөт бөхийн холбооны хурал болов

2014-12-11 11:01:01

Монголын чөлөөт бөхийн холбооны хурал болж Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, Ж.Түмэн-Аюуш нар оролцож, холбооны зөвлөх Ардын багш Ч.Дамдиншарав, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, Шүүгчдийн зөвлөлийн зарим гишүүн, эрэгтэй үндэсний шигшээ багийн зөвлөх, Гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдорж нар удирдах зөвлөлийн хуралд уригдан 2014 оны тайлан, 2015 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. 

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх 2014 оны тайлан, ирэх оны төлөвлөгөөг танилцуулахдаа, “2014 он чөлөөт бөхийнхний хувьд өрнүүн ололт амжилтын жил байлаа. Насанд хүрэгчдийн болон залуучуудын, оюутны, Азийн насанд хүрэгчдийн, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний шинэ аваргуудтай боллоо. Эрэгтэй бөхчүүд ДАШТ-ээс хос медаль хүртэж Дэлхийн цомын төлөө тэмцээнд олон жил завсарласны дараа оролцож тавдугаар байрт шалгарлаа. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж 11 олон улсын шүүгч шинээр төрлөө. Азийн спортын “Инчёон- 2014”, Залуучуудын зуны “Нанжин-2014” олимпийн наадамд манай бөхчүүд амжилттай оролцож “Mongolia Open” тэмцээнээ зохион байгууллаа. Узбек, Польш, улсын бөхийн холбоотой 2016 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан, “Хасу-Мегаватт” компани Сонгинохайрхан дүүрэг, Био комбинатад чөлөөт бөхийн бүтэн 3 дэвжээ багтах, 40-50 тамирчин багтаах хоолны газар, зочид буудал бүхий “Спортын Эко цогцолбор” барьж ашиглалтад орууллаа. “Гацуурт” компанийн харьяа хуучин “Олимп” сургуулийг чөлөөт бөхийн “Эмэгтэй чөлөөт бөхийн академи” болгон өөрчилсөн, “Чөлөөт бөх 2014” сэтгүүл гаргалаа.

Манай бөхчүүд 2014 онд дэлхий, тив, олон улсын тэмцээнээс 36 алт, 49 мөнгө, 78 хүрэл, нийт 163 медаль авсан нь өмнөх жил нийт 80 медаль авч байсан амжилттай харьцуулахад хоёр дахин олон медаль авчээ. Сүхбаатарын нэрэмжит өсвөр үеийн тэмцээн Сэлэнгэ аймагт, Жон Петерсоны нэрэмжит өсвөр, залуучуудын тэмцээн Дархан-Уул аймагт, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч асан Ж.Отгонбилэгийн нэрэмжит тэмцээн Орхон Уул аймагт, Д.Буян багшийн нэрэмжит тэмцээн Архангай аймагт, “Ховд-2014” бага олимп спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Ховд аймагт, “Налайхын цом” тэмцээн Налайх дүүрэгт, Гавьяат тамирчин Ц.Нацагдоржийн болон Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээнийг явуулсан. Шигшээ багийн бөхчүүдийг БНХАУ, ОХУ, Польш, Япон улсад хамтарсан бэлтгэлд хамруулсан" гэлээ. Мөн “2015 оныг чөлөөт бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэх жил болгож хэрэгсэл материалаар хангах, тэмцээнийг бүсчлэн зохион байгуулах, өсвөрийн бөхчүүдийн лиг явуулах, өсвөр үеийн “Asushoryu Cup” олон улсын тэмцээнийг явуулах, үндэсний шигшээ багийн бэлтгэлийн танхимыг засварлах, холбооны дэргэд Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөл байгуулан ажиллуулах, АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-ээс аль болох олон олимпийн эрх авах” зэрэг зорилтууд тавьж байгааг дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын чөлөөт бөхийн холбооны хурал болов   
Үзсэн: 2321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй