Шууд Chart

"Супер лиг" ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж байна

2014-12-12 16:35:21

Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лиг болох "Үндэсний супер лиг"-ийн 2014-2015 оны шинэ улирал амжилттай үргэлжилж байна. Өдөр ирэх тусам өрсөлдөөн ширүүсч хүчтэй баг "Төв ургац" тэргүүллээ хадгалсан хэвээр байна. Эмэгтэй дээд лигийн "ШУТИС Шаркс" vs "Дорноговь таван дохио" багууд лигийн дөрөв дэх тоглолтыг хийлээ. Харин эрэгтэй супер лигт "Гэгээн хангайн лидер" vs "Сентоза Арслангууд"-тай тулсан бол "Эрдэнэдрийлинг Ригс" анхны тоглолтоо "Төв ургац"-тай хийлээ.  

XZ ШАРКС 64 vs ДОРНОГОВЬ ТАВАН ДОХИО – 48:66


Лигийн эхний тоглолтондоо хожигдол хүлээгээд байсан "XZ Sharks 64" баг, "Дорноговь Таван Дохио" багууд учраа таарсан. Тоглолтыг эхнээс нь "Sharks 64" багийнхан оноогоор давамгайлсан. Тэднээс довтлогч Майжаргал багийн лидер болохоо харуулж, 18 оноо, 7 самбар авч багаа тэргүүлсэн. Мөн Уянга 7 оноо, 11 самбар, Одонтуяа 6 оноо, 7 самбар, Болортуяа 4 оноо, 6 бөмбөг таслалт хийжээ.

Гэсэн хэдий ч туршлагтай бүрэлдэхүүнтэй "Таван Дохио баг" тоглолтын дөрөв дэх үед эргэн ирэлт хийж чадсан. Тэднээс довтлогч Оюунтуяа тун идэвхитэй тоглож, 21 оноо, 9 самбар авсан бол холбон тоглогч Шинэ-Од 13 оноо, 6 самбар, Долгор 9 оноо, 8 бөмбөг таслалт, Нарандэлгэр 7 оноо, 9 самбар авчээ. Улмаар дөрөвдүгээр үед илт давуу тоглолт үзүүлсэнээр 66-48 харьцаатай Дорноговь Таван Дохио баг лигийн эхний хожлоо авлаа.

ГЭГЭЭН ХАНГАЙ ЛИДЕР vs СЕНТОЗА АРСЛАНГУУД – 85:77


Эрэгтэй Үндэсний Супер Лигийн энэ өдрийн эхний тоглолт "Гэгээн Хангай Лидер" болон "Сентоза Арслангууд" багуудын хооронд болсон. Эдгээр багууд хэдийгээр бүрэлдэхүүн, бэлтгэлжилт сайтай байгаа ч, аль аль нь нэг хожил аваад байсан юм.

Мөн энэ жил анх удаагаа "плэйофф"-ын шатанд найман баг өрсөлдөнө. Ийнхүү олон баг "плэйофф"-т орж байгаа нь багуудад ихээхэн боломж олгож байгаа мэт харагдавч, хүч тэнцүүхэн багуудын хувьд олдсон энэ боломжыг ашиглахын төлөө хожил бүхэн үнэ цэнэтэй болоод байгаа билээ.

Залуу, эрч хүчтэй бүрэлдэхүүнтэй хоёр багийн тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй боллоо. Тоглолтын турш оноо ойрхон байж, тоглолт хаашаа ч эргэж магадгүй байсан юм. Энэ тоглолтонд "Гэгээн Хангай Лидер" багаас самбарын хослол болох Дөлгөөн 20 оноо, 14 самбар, Очирбат 15 оноо, 9 самбар, 3 блок, Terrence Gamble 9 оноо, 12 самбар авчээ. Мөн мэргэн бууч Цэлмэг холын зайн 5 шидэлтээ хийж, 17 оноо, Jonathan Blake 8 оноо, Даваадорж 8 оноо, Чинбат 5 оноо, 5 оновчтой дамжуулалт өгчээ.

Харин "Сентоза Арслангууд" багаас төвийн тоглогч Torin Walker 22 оноо, 17 самбар, Тамжид 14 оноо, 5 самбар, 6 бөмбөг таслалт, Нямбаяр 11 оноо, 7 самбар, Батмөнх 10 оноо, Батзолбоо 7 оноо, 5 самбар, Chris Lawson 6 оноо, 12 оновчтой дамжуулалт, Билэгт 5 оноо,  2 блок хийжээ.

Улмаар тоглолтын төгсгөлд ялагч шийдвэрлэгдэж, 85-77 харьцаатай 3Гэгээн Хангай Лидер3 баг хожиж, улирлын хоёр дахь ялалтаа авлаа.

ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС vs ТӨВ УРГАЦ – 95:103


Энэ өдрийн хоёр дахь тоглолт лигийг гурван хожилтойгоор тэргүүлж байгаа "Төв Ургац" багтай, өнгөрсөн жилийн шилдэг дөрвөн багийн нэг "Увс Эрдэнэдрийлинг Ригс" баг шинэ улирлын эхнийхээ тоглолтыг хийлээ.

"Ригс" багийн бүрэлдэхүүнд шигшээ багийн холбон тоглогч ОУХМ М.Бадрах нэгдсэн байлаа. Шинэ улирлын эхний тоглолтоо Ригсийнхэн эрч хүчтэй эхлүүлсэн. Тэдний дараалсан алсын шидэлтүүд байндаа тусч, өөрсдийн удаан хүлээсэн хөгжөөн дэмжигчдийнхээ цангааг тайлсан гэж хэлж болно. Энэ тоглолтонд тэд багаараа 52 удаа холын зайнаас довтолжээ. Тэр дундаа ОУХМ М.Бадрах 22 удаа холын зайнаас довтолж наймыг нь амжилттай болгон, 28 оноо авч, 6 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн лигийн шилдэг төвийн тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг холын зайнаас 3 шидэлтээ бүгдийг нь оновчтой болгож, 26 оноо, 12 самбар авсан бол, легионер тоглогч Will Giddings 20 оноо, 13 самбар, холбон тоглогч Батжавхлан 19 оноо, 7 оновчтой дамжуулалт өгчээ.

Харин "Төв Ургац" багаас Donald Boone 28 оноо, 10 самбар, Holmes Junior 23 оноо, 14 самбар, Д.Мөнхтөр 20 оноо, 11 самбар, Ц.Мэргэн 18 оноо, 11 самбар авч, 4 тоглогч дабль хийжээ. Мөн багийн ахлагч СМ Ц.Ганболд 14 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч жигд тоглолт гаргажээ.

Улмаар мөн л тоглолтын төгсгөлд ялагч нь шийдвэрлэгдэж, 103-95 харьцаатай Төв аймгийн "Төв Ургац" баг ялалт байгуулж, 4 дэх хожлоо авсанаар, лигийг итгэл төгс тэргүүлж байна.

Тоглолтын тойм


Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Супер лиг" ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж байна   
Үзсэн: 2340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй