Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-12-13 08:54:22

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Засгийн газрын сайд нарыг томилов. Шинэ Засгийн газар 15 яам, 19 сайдтай ажиллахаар боллоо. Сайд нар энэ долоо хоногт тамгаа гардан авч, ажлаа эхлүүлээд байна. Шийдлийн гэж нэрийдэж буй Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нарын нэрсийг ЭНДЭЭС   уншаарай. 

Шинэ Засгийн газрын анхны хуралдаан энэ долоо хоногт боллоо. Тус хуралдаанаар хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. Ойн баярыг тохиолдуулан Цагаан морин жилийн хувьсгалын уриа гэгддэг “Хонхны дуу”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн соёрхол хүртээв. Төрийн шагналыг дууны үг, аяыг зохиож, өөрөө анхлан дуулсан Сосорбарамын Цогтсайхан агсны гэр бүлийнхэнд гардуулан өглөө.

Энэтхэг улсын Мумбай хотноо болсон Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Монгол Улсын тамирчин мистер Ж.Нурлан 41-ээс дээш насны ангилалд түрүүлж дэлхийн аварга боллоо. Ж.Нурлан 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ий үнэмлэхүй аварга “Монголын мистер”, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2012 онд тавдугаар байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн эрэгтэй фитнесс ангилалд Б.Хүсэлтүвшин мөнгөн медалиар энгэрээ мялааж, багш, шавь хоёр элэг нэгтнүүдээ баярлуулав.

Энэ долоо хоногт “Автомашины дугаарын хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа, үйчлэхгүй байгаа” гэх маргаан хүмүүсийн дунд дэгдээд байна. Үүсээд байгаа маргаантай асуудлын талаар манай сайт албаны хүмүүсээс тодрууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС  унших боломжтой. 

Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ажлаа хийж байхдаа тамхи татдаг гэсэн зорчигчдын шүүмжлэл их байдаг. Тэгвэл, зорчигч энэ хууль зөрчсөн үйлдлийн талаар холбогдох албаныханд мэдээлэл өгвөл тухайн жолоочийг 10-30 мянган төгрөгөөр торгоно гэж Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ. Үүнээс гадна Нийслэлийн тээврийн газраас иргэд зорчигчид тамхи татаж байгаа жолооч нарт шаардлага тавьж байхыг сануулсан юм.

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна. Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг ЭНДЭЭС  уншаарай.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй