Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Засгийн газар өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хийлээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах хүмүүсийг дэд сайдаар томилсон юм. Дэд сайд нарын нэрсийг ЭНДЭЭС уншаарай.
Мөн энэ долоо хоногт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ томилгоо хийлээ. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрсийн жагсаалтыг ЭНДЭЭС харна уу.
Санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох Шилэн дансны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхлэхэд цөөн хоног үлдсэн ба хэрэгжүүлэх бэлтгэл ажил дууссаныг албаны хүмүүс энэ долоо хоногт танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг мөн энэ долоо хоногт батлаад байна. Журмаар улс орны бүхий л салбарыг хамарсан нийт 5000 төсөвт байгууллагын төсвийн ил тод байдал, хариуцлагыг тусгаж өгчээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон байна. Учир нь энэхүү зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ 20-30 хувиар өсчээ. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулж иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол метр.квадратын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол метр.квадратын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж, өөрчилсөн байна. Энэ нөхцөл ирэх долоо хоногийн эхний өдрөөс мөрдөгдөх аж. Энэ долоо хоногоос эхлэн арилжааны банкуудад орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон, ирэх долоо хоногийн эхний өдрөөс мөрдөж эхлэх болсон талаар мэдэгдээд байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал, өвлийн улирлын бүсчлэлийг аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын “Бичил”-ийн арын зам, “Долоон буудал”-аас 32-ын тойрог, Дарь-Эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам, Цайзаас Оффицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд дугаар хязгаарлалтаас чөлөөлөгдлөө. Жолооч нар дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл дээрх замуудаар аль ч цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс албан байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглээд эхэлсэнтэй холбогдуулан зөвлөмж хүргүүллээ. Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт энэ сарын 9-15-ны өдрүүдэд архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Үүний 61 хувь нь СХД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төвд ханджээ. Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, нэгийгээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг зөвлөсөн юм.
Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардахад хүрдэг. Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаал гарч бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан. Энэ жилийн хувьд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал,
Нийслэлд:
• Бага анги: XII.20-I.26
• Дунд: I.03-I.26
• Ахлах: I.10-I.26
Хөдөө орон нутагт:
• Бага: I.10-II.09
• Дунд: I.26-II.09
• Ахлах: I.31-II.09 гэсэн хуваариар амарна.
Одоо уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулъя. Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай. 22-нд баруун болон төвийн нутгаар, 23-нд төв болон зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2263 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.