Шууд Chart

2014 оны нийгмийн онцлох 10 үйл явдал

2014-12-23 13:27:42

Нэг: "Оюутан цэрэг"-үүд тангараг өргөлөө

Энэ оны гуравдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг баталсан нь оны онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдэж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн баклаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулан, 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаалгахаар болсон. Тийнхүү “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 418 оюутан Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн харьяа Төв аймаг дахь сургалтын төвд цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хааж, Чингисийн талбайд тангарагийн баяраа тэмдэглэсэн билээ.

Хоёр: Гэр бүлийн хэрэглээнд зориулан 15 мянган га газар өмчлүүлэхээр болов

НИТХ-ын тавдугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр тогтоолоор гэр бүлийн зориулалтаар нийслэлийн 52 байршлын 15 мянга га газар буюу БЗД, ХУД, СХД, СБД, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Тус дүүргүүдэд олгох газрын өргөдлийг цахим хэлбэрээр бүртгэж, сугалаагаар шийдвэрлэсэн нь энэ оны нийгмийн онцлох үйл явдал байлаа. Одоогоор нийслэлийн таван байршилд газар олгох ажил явагдаж байгаа юм.

Гурав: Улаанбурхан өвчнийг анагаасан дөрөв дэх улс Монгол



Энэ оны гуравдугаар сард ДЭМБ-аас манай улсыг улаанбурхан өвчнийг бүрэн эмчилсэн дөрөв дэх улсаар нэрлэв. Тус байгууллагын баталгаажуулах хорооны шийдвэрээр улаанбурхан буюу кор өвчнийг бүрэн устгасан Австрали, Өмнөд Солонгос, Макао, Монгол гэсэн дөрвөн улсад  гэрчилгээ гардуулсан билээ. Манай орны эрүүлийг хамгаалах салбарынхан  2000 онд халдварт саа өвчнийг устгаж, ДЭМБ-аас анх удаа гэрчилгээ авч байсан бол 14 жилийн дараа улаанбурхан өвчнийг бүрэн устгаж чадсан улсын тоонд багтсан нь энэ юм.

Дөрөв: Монгол ур чадварын тамирчид анх удаа дэлхийд өрсөлдөнө



Энэ оны дөрөвдүгээр сард Монголд анх удаа “Монгол ур чадвар-2014” тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд хөдөө орон нутаг, нийслэлийн нийт 250 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад есөн төрлөөр өрсөлдсөн билээ. “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээний есөн төрөлд ялагч болсон МСҮТ-ийн оюутнууд өнгөрөгч аравдугаар сард БНСУ-д очиж туршлага судалсан бөгөөд ирэх онд Бразилын Сан Пауло хотод зохиогдох “Дэлхийн ур чадвар” тэмцээнд улсаа төлөөлөн анх удаагаа оролцохоор бэлтгэж байна.

Тав: Монгол "Торнадо"



Тав: Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Хөөвөр” гэх газар хүчтэй хуй салхи салхилж, мөндөр орсны улмаас таван өрх айлын таван гэр, гурван байшин нурж, нэг иргэн нас барж, есөн иргэн хүндэвтэр гэмтсэн. Салхины хурд 50 метр секунт хүрсэн байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл өнгөрөгч зуны хувьд олныг айдаст автуулж байв. Тухайн газарт байсан эх сурвалжуудын ярьж буйгаар тэмээний хорголын чинээ мөндөр орж, машин тэрэгний цонхыг хагалж байсан гэдэг.

Мөн хүчтэй хуй салхины улмаас дээрх айлуудын 40 адуу, 100 хонь, 40 ямаа, 20 үхэр нийт 200 толгой мал хорогдсон гэдэг.

Зургаа: Найман дүүгээ гал түймрээс аварсан есөн настай Н.Азжаргал охин

Өнгөрөгч наймдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, дотор байсан есөн хүүхэд хүнд, хөнгөн хэмжээгээр гэмтсэн. Гэрт байсан хүүхдүүдээс хамгийн том нь буюу есөн настай Н.Азжаргал охин найман дүүгийнхээ амийг аварч чадсан юм. Найман дүүгээ галаас гаргаж дууссаныхаа дараа өөрийнхөө биеийг түлэгдсэнийг мэдсэн гэх энэ охин яахын аргагүй оны онцлох үйл явдлын эзэн билээ. Гэрт байсан хүүхдүүдийн хамгийн бага нь ой таван сартай байсан бөгөөд охин дүү нараа цонхоороо гаргаж амь насыг нь аварсан байдаг.

Долоо: Орос-Монгол визгүй зорчихоор болов

Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу өнгөрсөн сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчдог болсон. Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах аж.

Найм: Монголд ДОХ-ын 181 дэх тохиолдол бүртгэгджээ

Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэж, энэ өвчний талаарх мэдээллийг олон нийтэд түгээдэг билээ. Энэ жилийн энэ өдөр ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийсэн мэдээллээр манай улсад ДОХ-ын халдвар тээсэн нийт 181 хүн байгаа аж.  Одоогоор 24 хүн ДОХ-ын улмаас нас барсан бөгөөд 117 хүн уг өвчний вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Түүнчлэн ХДХВ-ын халдвартай 11 эх төрсний 10 ураг нь эрүүл төрсөн байна.

Ес: Монгол ном Конгрессийн номын санд хадгалагдахаар болов


Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн дөрвөн боть номыг АНУ-ын Вашингтон хот дахь дэлхийн хамгийн алдартай номын өргөө болох Конгрессийн номын санд хадгалахаар болсон таатай мэдээг өнгөрөгч дөрөвдүгээр сард дуулгав. Мөн 2012 онд Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Үлдэх мөртэй залуу нас” гэрэл зургийн цомгийг гардуулж байсан юм. АНУ-ын Конгрессийн ном нь эхэн үедээ тус санд орох иргэдийн тоог  хязгаарлаж, зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байжээ. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогддог билээ. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33.012.750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байгаа юм байна.

Арав: Найман ихэр шинэ байртай боллоо



Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн төрөлтөөр, найман ихэр хүүхэдтэй болж, ам бүл 10-уулаа амьдарч буй. Тэдэнд Улаанбаатар хотын 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлээс гурван өрөө байрны түлхүүр гардуулсан билээ. Ихэр удамтай, ихрүүдийн гэр бүл айлын хашаанд амьдардаг байсан бөгөөд ийнхүү гурван өрөө байртай болсон нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа.

Ихрүүдийн хамгийн том нь 11 настай бол дараагийн хоёр ихэр нь 8 болон 6 настай, хамгийн бяцхан ихрүүд өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд төрсөн аж. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

2014 оны нийгмийн онцлох 10 үйл явдал  
Үзсэн: 2884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй