Шууд Chart

Х.Дашдэлэг: Вакцины хүрэлцээ муу байгаа учраас гурван ч удаа галзуу өвчин гарлаа

2014-12-25 15:21:53

Өвөрхангай аймгийн Тарагт суманд үхэр болон нохой галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн ОБГ-ын Дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Г.Алтанцэцэг “Одоогоор Тарагт суманд галзуу өвчний гурван тохиолдол бүртгэгдээд байна. Энэ сарын 16-нд тус сумын VI багийн нутаг “Хадат нарийн” гэх газар нэг нохой галзуу өвнөөр өвчилсөн бол 22-нд I багийн “Шинэ ус” гэх газар үхэр галзуугаар өвчилсөн. Харин өнгөрөгч 23-ны өдөр дахин галзуугийн тохиолдол бүртгэгдлээ гэх илтгэх хуудас ирсэн байгаа. Одоогоор амьтнаас авсан дээжийг шинжилж байна. Одоогоор нэмж мал, амьтан өвчилсөн гэх мэдээ манайд ирээгүй байгаа бөгөөд өвчин гарсан нутгуудад хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнээс гадна Зүүнбаян суманд галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээ ирсэн. Гэхдээ одоогоор нарийн тайлбарлах зүйл алга” гэлээ. 

Харин энэ талаар Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэгтэй утсаар холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр “23-нд нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн. Сумын Онцгой байдлын хэлтсээс тухайн газарт устгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Галзуу өвчин ингэж ойр ойр гараад байгаа нь оготно хэт их байгаагаас болж байна. Дээр нь малд тарих ёстой вакцины хүрэлцээ дутагдалтай байгаа. Бид энэ талаар салбарын яамандаа хавраас хойш уламжилсан. Нийлүүлнэ гэх хариу өгдөг атлаа хангалттай хэмжээнд өгч чаддаггүй. Бид бусад сумдын малын эмч нараас шаардлагатай вакцинаа авч байна. Тэгээд аваад байхаар мөнгө төгрөгийн асуудал үүсдэг. Ер нь аймгийн ХАА-н газарт  төсөвлөж буй эм тариа, вакцины мөнгийг ахиухан тавьдаг болмоор байна. Салбарын яам ирэх онд энэ тал дээр анхаарч ажиллана гэсэн. Өмнөх жил манай аймгийн урд талын сумдаар галзуу өвчин гарч байсан, энэ жил манайд хэд хэдэн удаа гарлаа. Энэ өвчин ингэж даамжирч явсаар хүнд халдварлах аюултай” гэж ярилаа.

Одоогийн байдлаар тус сумын нутагт 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож, халдвар авсан нохой, үхрүүдийг устгалд оруулан ариутгаад байгаа юм.

Дашрамд дурдахад, энэ өвөл Тарагт суманд 170 мянган толгой мал өвөлжих ажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Х.Дашдэлэг: Вакцины хүрэлцээ муу байгаа учраас гурван ч удаа галзуу өвчин гарлаа  
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй