Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын дарга нарыг томилох тухай хэлэлцлээ. Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батцогт, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Болор, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Бакей, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Су.Батболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар тус тус томилогдов.
“Тавантолгой”-н хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх товоо тогтоолоо. Тус нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шинэ оны ажлын эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын таванд эхэлнэ гэж Засгийн газраас байгуулсан “Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээллээ. “Таван толгойн хэлэлцээр эхэллээ” гэдэг бол манай улсаас гаднын хөрөнгө оруулагчид, дэлхийн зах зээлд хүргэж буй зөв, сайн мессеж юм гэж тэрбээр онцлосон юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Төрийн болон төсвийн байгууллагуудад 2014-2015 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. Үүнтэй холбогдуулан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа, бэлэг худалдан авах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, урлагийн тоглолт зохион байгуулахаас татгалзах, Төсвийн хөрөнгө болон байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хамтран ажилладаг байгууллагуудад илгээх, бэлэг дурсгалын зүйл худалдан авч бэлэглэхээс татгалзаж, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон юм.
Монгол Улсад энэ онд 4928 удаагийн аюулт үзэгдэл болжээ. Онцгой байдлынхан мянга гаруй хүний алтан амийг аварч, 20 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан сайшаалтай мэдээ байна.
Энэ долоо хоногт Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" спортын тэргүүн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ МҮОНТ-ийн 600-гийн их студид боллоо. "Бөртэ чоно"-ын онцлох номинаци "Шилдгийн шилдэг тамирчин" бөгөөд оны шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн Дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар 249 оноогоор шалгарсан бол эмэгтэй шилдгийн шилдэг тамирчнаар 252 оноогоор чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд тодорч энэ оны отгон гавьяатууд тус наадмыг өнгөллөө.
Мөн "Бөртэ чоно"-ын эздээр боксын ОУХМ Д.Отгондалай, МУГТ Г.Мандахнаран, М.Уранцэцэг болон Челябинскийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн жүдогийн эмэгтэй баг нэрлэгдсэн юм. Харин "Бөртэ чоно"-ын эзэн "Шилдгийн шилдэг дасгалжуулагч"-аар энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат дасгалжуулагч цол тэмдэг гардсан "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр тодорлоо. Түүнчлэн "Алдар" спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга нар "Бөртэ чоно"-ын эздээр тодорсон.
Мөн энэ үеэр "Бөртэ чоно-2014" тэргүүн дээд шагнал гардуулах арга хэмжээний олимпизмийн шилдгүүдийг нэрлэсэн юм.
1. Оны шилдэг олимпийн танхим- 84 дүгээр сургууль Москва олимпийн танхим
2. Шилдэг олимпийн зөвлөл-Өмнөговь аймгийн Афин олимпийн зөвлөл
3. Шилдэг олимпийн зүтгэлтэн-Х.Зоригтбаатар
4. Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга-Ч.Даваадорж
5. Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч-Д.Энхбат
Оны шилдэг спортын холбоо-
1. Монголын жүдо бөхийн холбоо
2. Монголын чөлөөт бөхийн холбоо
3. Монголын олимпийн боксын холбоо
- Оны шилдэг шүүгч- Б.Төмөрбаатар
- Оны шилдэг залуу тамирчин- Ө.Дүүрэнбаяр /Залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгө, гран-при тэмцээний мөнгөн медальт/
- Оны шилдэг баг- О.Баярцогт дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн шигшээ баг /Азийн наадмын шилдэг наймд шалгарсан/ тус тус шалгарсан юм. Уншигч та бүхэн “Бөртэ чоно-2014” наадмын фото зургийг ЭНДЭЭС сонирхоорой.
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн судалгаагаар 140 гаруй мянган малчин өрх, 50 орчим сая мал өвөлжинө гэсэн тооцоог салбарын яамнаас гаргаад байна. Одоогоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын мэдээ ирээгүй нь нийт нутгаар цас багатай дулаахан байгаатай холбоотой гэдгийг албаны хүн хэллээ. Гэхдээ ирэх саруудад олон жилийн дунжаас ахиу цас орж, хүйтрэх учраас өнөөдрийн нөхцөл байдалд тайвширч болохгүй гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг сануулсан юм.
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулна уу. Өнөөдөр цаг агаар тогтуун байна. Арванхоёрдугаар сарын 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын саваар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газруудаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.