![](/uploads/201412/news/thumb/6634075d1044944bdf84adb9596d53ed_x3.jpg)
Нэг: Бөхийн төрлөөр шинээр дөрвөн дэлхийн аваргатай боллоо
Өмнөд Уралын нийслэл Челябинскийн дэлхийн аваргын 60 кг-д Ганбатын Болдбаатар түрүүлж, жүдочдоос гурав дахь дэлхийн аварга болсон бол жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн +100 кг жинд 20 настай залуу жүдоч Ө.Дүүрэнбаяр түрүүлснээр Залуучуудын дэлхийн аваргаас анхны алтан медалиа хүртсэн юм.
Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын аварга цолыг А.Батцэцэг хүртэж, Ташкентийн дэлхийн аваргад 19 настай Сүхээгийн Цэрэнчимэд түрүүлж чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга болсон юм. Ийнхүү энэ жил жүдо бөхөөр Г.Болдбаатар, Ө.Дүүрэнбаяр нар, чөлөөт бөхөөр С.Цэрэнчимэд, А.Батцэцэг нар ДАШТ-д манлайлснаар энэ жил Монгол Улс бөхийн төрлөөр дөрвөн дэлхийн аваргатай боллоо.
Хоёр: Арлын Японд монгол бөхчүүд “гялалзсаар” байна
Мэргэжлийн сүмогийн 2014 оны гуравдугаар сарын барилдаан буюу Харү башёд түрүүлсэн Какүрюү М.Анандад Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс 71 дэх Ёкозүна цолыг албан ёсоор олгосон. Тэрбээр ийнхүү мэргэжлийн сүмогийн 71, Монголын дөрөв, гадаадын зургаа дахь Ёкозүна цолтон болсон юм. Мөн сүмогийн ертөнцөд монгол бөхчүүдийн амжилт дуурссан жил болсон нь их аварга Хакүхо М.Даваажаргал оны сүүлчийн кюүшюү башёд түрүүлж, Сүмо бөхийн ноён оргил Тайхосан аваргын 32 түрүүлсэн амжилтыг 43 жилийн дараа давтан, түүхэн амжилт тогтоолоо. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Минато дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичиножёо асар богино хугацаанд “Сэкивакэ” цолтон болсон анхны бөхөөр тодорч шуугиан дэгдээлээ.
Гурав: Мэргэн бууч бүсгүйчүүд дэлхийн аваргаас мөнгөн медаль энгэртээ гялалзуулав
Испани улсын Гранада хотод буудлага спортын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багийн дүнгээр 1739 оноо авч мөнгөн медалийн болзол хангажээ. Монголын мэргэн бууч бүсгүйчүүд 1998 онд Испанийн Барселона хотод болсон дэлхийн аваргын энэ дасгалд хүрэл медаль авч байсан. Харин 16 жилийн дараа өмнөх амжилтаа ахиулж мөнгөн медаль энгэртээ гялалзуулж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.
Дөрөв: А.Сүхбат аваргын эргэн ирэлт
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадмаар наадамчин олны нулимсыг цийлэгнүүлэн гэнэтхэн зодог тайлсан А.Сүхбат аварга найман жилийн дараа бөхийн ногоон дэвжээндээ эргэн ирснийг оны онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна. Түүнд баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар даян аварга Г.Өсөхбаярын хамт “Дархан аварга” цол хүртээлээ. “Дархан аварга” цолтой зодоглосон энэ наадамд тэрээр хүчит бөхийн барилдааны гурвын даваанд барууны манлай Дархан аварга Г.Өсөхбаярыг амлаж, тахимаа өгсөн билээ.
Тав: Азийн зуны спортын XVII дахь наадамд 45 орноос 16-д жагслаа
Шар тивийн олимп буюу Азийн зуны спортын XVII дахь удаагийн наадамд Монголын баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж медалийн чансаагаараа 45 орноос 16-д жагслаа. Азийн наадамд Монголын эмэгтэй сагсчид анх удаа оролцсон. Ганцхан хожил авах зорилготой оролцсон тэд Казакстан, Катар, Непалийн багийг хожиж Азийн наадмын шилдэг наймд шалгарсан бол эрэгтэй сагсчид Азийн шилдэг 16 багтай эн тэнцүү өрсөлдөж мөн л шигшээ наймд шалгарсан юм. Тэд Азид 5, дэлхийд 31-т бичигддэг Иордоны багийн эсрэг хагас шигшээн төлөө тоглож наймхан онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн. Азийн наадамд Монгол сагсчин ОУХМ Тунгалагийн Санчир тивийн гурван шилдэг тоглогчийн нэгээр шалгарсан билээ. Мөн Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од гараанаас гарсан цагаасаа тэргүүлсээр дөрөвдүгээр байрт орж, боксын ОУХМ Отгондалай монголчуудын авч байгаагүй үнэ цэнэтэй ялалтыг авч алтан соёмбот далбаагаа Инчёны тэнгэрт намируулсан гээд гайхам амжилтуудыг энд дурдаж болно.
Зургаа: Алтан медальгүй ч амжилттай оролцсон өвлийн олимп
Өвлийн олимпод манай баг тамирчид урд урдынхаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ОУХМ Чинбатын Отгонцэцэг сонгомол тэшилтээр 76 тамирчнаас 70 дугаар байрт орсон. Эрэгтэйчүүдийн 15 км зайд ОУХМ Болдын Бямбадорж 92 тамирчнаас 48:29:6 амжилтаар 80 дугаар байрт орлоо. Харин “Сочи-2014” өвлийн паралимпийн спринт 1 км зайд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Ганболд 4:26:65 секундын амжилтаар 35 тамирчнаас 25 дугаарт барианд орж ирлээ.
Долоо: Монголын хөлбөмбөгийн холбооны дуулиан
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа. 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболдыг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоосон учраас ийм хориг тавьсан. Харин одоо МХБХ-г Ерөнхийлөгчийн туслах А.Ганбаатар удирдаж байна. Тэрбээр тус холбоонд хэд хэдэн аудитын шалгалт оруулж, удирдах зөвлөлөө шинэчлэн ажиллаж байгаа юм.
Найм: “Рио-2016” паралимпийн анхны эрхийг авав
Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер З.Ганбаатар “Рио-2016” оны паралимпийн анхны эрхийг хүртсэн тамирчин боллоо. Пара буудлагын дэлхийн аваргын тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд 524 оноогоор финалд шалгарч улмаар шигшээ буудлагад долоодугаар байр эзэлж “Рио-2016” паралимпийн эрхээ авсан юм.
Ес: Монголын мотоцикльч “Дакар ралли”-д нэрээ мөнхөллөө
“Дакар ралли-2014” уралдаанд Монголын тамирчин Д.Болдбаатар Ази тивээс ганцаараа 60 дугаарт шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн. Японы тамирчин эхний 50-д үлдэж “Дакар ралли”-гийн түүхэнд Ази тивийн анхдагчаар тодорсон бол Монголын мотоцикльч хоёр дахь тохиолдол болон нэрээ мөнхөлсөн юм.
Арав: Бас нэг “допинг”-той наадам
Улсын баяр наадмаар начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Н.Адъяабат, Говь-Алтайн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун нарын шинжилгээнээс допинг илэрлээ. Хоёр бөхийн хувьд нэг нь гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, нөгөөх нь хагалгаа хийлгэсэн гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдрийг хүртэл сэргээш хэрэглэсэн гэж зарласан хоёр бөхөд арга хэмжээ аваагүй байна.
2014 оны спортын онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 2890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.