Шууд Chart

"Их өргөө аравт" багийн гурав дараалсан ялалт /ВИДЕО/

2014-12-30 17:23:51

ИХ ӨРГӨӨ АРАВТУУД vs ХЭНТИЙ ЧИНГИС СИТИ – 121:116

Бүтэн сайн өдрийн эхний тоглолт "Их Өргөө Аравтууд" болон "Хэнтий Чингис Сити" багуудын хооронд болсон. Энэ тоглолт хоёр удаа нэмэлт цаг сунгасан анхны тоглолт боллоо. Улмаар 121:116 харьцаатай "Их Өргөө Аравтууд" баг хожсоноор, дараалсан гурав дахь ялалтаа авч байна. Аравтуудаас Aundre Williams 28 оноо, 24 самбар, Д.Мөнхтүвшин 28 оноо, Jordan McCoy 26 оноо, 13 самбар, Ш.Сэдбазар 18 оноо, 7 самбар, Б.Билгүүн 17 оноо, 6 самбар авч, 5 оновчтой дамжуулалт өгчээ.

Харин Хэнтий "Чингис Сити" баг амралтын өдрүүдэд хоёр дараалсан хүндхэн ялагдал хүлээлээ. Тэднээс Gabe Moton 37 оноо, 18 самбар, Afam Moujeke 27 оноо, 8 самбар, Улаанхүү 18 оноо, 9 самбар, 7 бөмбөг таслалт, Гүнсэнхорлоо 13 оноо, Даваасамбуу 9 оноо, 13 самбар авчээ.

ГЭГЭЭН ХАНГАЙ ЛИДЕР vs ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС – 81:97

Энэ тоглолт үзэгчдийг суудлаас нь олонтаа өндөлзүүлсэн гайхалтай тоглолт болсон. Сэтгэл сэргээсэн өрсөлдөөнтэй энэ тоглолтын дөрөвдүгээр үед "Эрдэнэдрийлинг Ригс" баг туршлага илүү гэдгээ харуулсан. Тэднээс багийн ахлагч Н.Золжаргал шилдэг тоглолтоо гаргаж, 36 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн. Мөн легионер тоглогчид болох Will Giddings 16 оноо, Alvin Brown 16 оноо, 20 самбар авч, багтаа тус хүргэсэн. Мөн Б.Батжавхлан 12 оноо, С.Өрнүүнбилэг 11 оноо авчээ. Улмаар 91:87 харьцаатай "Эрдэнэдрийлинг Ригс" баг хожиж, улирлын тав дахь хожлоо авлаа.

Харин Лидерүүдээс Jonathan Blake 28 оноо, 7 самбар, О.Очирбат 17 оноо, 21 самбар, О.Цэлмэг 17 оноо авчээ. Тэд энэ улиралд тун үзүүштэй тоглолтуудыг гаргаж байгаа ч, төгсгөлөө хийж чадахгүй хэвээр байна.

МАДИМОС ШОНХОРУУД vs СБЛ ХАСЫН ХҮЛЭГҮҮД – 108:106

Т.Санчир тэргүүтэй "Мадимос Шонхорууд" баг, энэ өдөр "СБЛ Хасын Хүлэгүүд" багтай тоглолоо. Өнгөрсөн улирлын финалын үнэ цэнэтэй тоглогч Т.Санчир хуучин багийнхаа эсрэг хэрхэн тоглох нь энэ өдөр анхаарал татаж байлаа.

Тэр ч утгаараа энэ өдрийн оргил тоглолт тун сонирхолтой болсон. Т.Санчир энэ өдөр ээлжит гайхалтай тоглолтоо үзүүлж, Хүлэгүүдийн эсрэг 44 оноо, 8 самбар авчээ. Мөн Г.Цэнгүүнбаяр самбарын хамгаалалтад тун сайн байж, чухал хаалтууд хийсэн. Тэрээр 11 оноо, 9 самбар авсан бол Darin Mency 20 оноо, Даваажав 10 оноо авчээ.

Харин "Хүлэгүүдэд" Marcus Hammonds, мөн Ray George нар багтайгаа нэгдсэн байлаа. Хүлэгүүдээс энэ өдөр А.Бямбадорж багийнхаа лидерүүдийн нэг болсон гэдгээ 22 оноо авч баталлаа. Мөн Phil Jones багтаа дасаж байгаагаа харуулж, 19 оноо, 17 самбар авчээ. Мөн Б.Билгүүн 17 оноо, 7 самбар, Энхтүвшин 14 оноо, 14 самбар, О.Сэргэлэн 15 оноо, 6 самбар авч, 6 оновчтой дамжуулалт өгчээ.

Тоглолтын тойм

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Их өргөө аравт" багийн гурав дараалсан ялалт /ВИДЕО/  
Үзсэн: 1774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй