“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор авьяаслаг бяцхан охин С.Номин-Эрдэнийг урилаа. Тэрээр “Орчлон” олон улсын сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. МУГЖ, поп дива дуучин Ж.Алтанцэцэгийн охин юм.
-Шинэ жилийн мэнд хүргэе. С.Номин-Эрдэнэ МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлэгт оролцсон. Энэ тухайгаа яриач?
-Баярлалаа. Тийм ээ. Би хүүхдийн нэвтрүүлэгт дуулахаар ирээд байна. Би үзэх дуртай хүүхэлдэйн киноныхоо дуу “Frozen”-ыг дуулна. Би шинэ жилүүдэд уригдаад дуугаа дуулсаар байгаа.
-Өөр ямар телевизэд очиж дуулсан бэ?
-Саяхнаас шинэ жилийн хүүхдийн нэвтрүүлэгт орж байгаа. Хэд хоногийн өмнө UBS телевиз дээр очиж дуулсан. Бас SBN дээр очсон юм байна. Өөрийнхөө дуулж байхыг зурагтаар харах гоё.
-Чамайг цомог гаргасан гэж сонссон. Цомгийнхоо тухай сонирхуулаач?
-“Би хүүхэлдэй” гэдэг найман дуутай цомог гаргасан. Дуунуудынхаа заримыг клиптэй болгосон. Энэ цомогт “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай ээж ээ”, “Барби”, “Үсэг”, “Найзаа намайг хараарай”, “Охидуудын тоглоом” зэрэг дуунууд багтсан байгаа.
-Яагаад “Би хүүхэлдэй” гэж нэр өгсөн юм бэ?
-Зүгээр л. Охидуудын хамгийн гоё тоглоом нь хүүхэлдэй шүү дээ. Хүүхдүүд бас дуртай болохоор ингэж нэрлэсэн юм. Би ч бас хүүхэлдэйнд дуртай юм л даа.
-Дууныхаа клипт өөрөө тоглодог уу. Анх тоглохдоо сандарч байсан уу?
-Би клипэнд тоглохдоо сандарч байгаагүй. Зүгээр л гоё даашинз өмсөөд, үсээ гоё ороогоод тоглодог.
-Урын сандаа олон дуутай болоход нь хэн тусладаг вэ?
-Монголын хүүхдийн ордны С.Ганчимэг багш зарим дууг зохиож өгдөг. Ээж маань бас дуулахад дэмжиж, тусладаг. Сайн дуулах талаар зөвлөгөө өгч, зааж сургадаг. Би дууны аянд илүү дуртай.
-Чи гадаад дууг яаж сурдаг юм бэ?
-Өнөөдөр үндэсний телевиз /МҮОНТ/-ийн хүүхдийн нэвтрүүлэгт дуулсан “Frozen” дуугаа би өөрөө сурсан. Би “Орчлон” сургуулийнхаа англи хэлний ангид явдаг. “Frozen” бол миний гадаад хэл дээр өөрөө бие дааж сурсан дуу.
-Бидэнд ангийн багш, найзуудынхаа тухай яриач?
-Ангийн багшийг Отгонжаргал гэдэг. Манай анги 26 хүүхэдтэй. Миний хамгийн сайн найз Мөнхжаргал. Мөнхжаргал бол манай ангийн охин. Тэр хичээлдээ маш сайн. Бид найзлаад нэг сар болж байна.
-С.Номин-Эрдэнэ өглөө хичээлдээ явахдаа нойрмоглодог уу?
-Манай хичээл өглөө 08:00-д эхэлдэг. Би өглөө долоон цагийн үед ээжээрээ дуудуулаад сэрдэг.
-Чиний хамгийн дуртай хичээл юу вэ. Бас хамгийн дургүй хичээл бий юу?
-Надад дургүй хичээл байхгүй. Бүх хичээлээ сайн хийдэг. Миний хамгийн дуртай хичээл дуу хөгжим. Тийм болохоор дуу хөгжим дээрээ ч бас онц гардаг. Бас англи хэл миний дуртай хичээлүүдийн нэг.
-Чи том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Дуучин болно гэж боддог. Яагаад гэвэл би ээжийгээ зурагтаар дуулж байхыг нь харах дуртай. Цэцэрлэгт байхдаа олон дуу, шүлэг сурсан.
-С.Номин-Эрдэнийн хамгийн дуртай баяр юу вэ?
-Миний хамгийн дуртай баяр шинэ жил. Өвлийн өвөөгөөс бэлэг авах нь сайхан. Дуртай бэлэг маань “my little pony” буюу “Миний бяцхан одой морь”. Тэр дундаас хамгийн дуртай нь “Journey of the Spark”. Бас даашинз бэлгэнд авах дуртай. Би олон даашинзтай болсон. Ихэвчлэн ээж, аав маань бэлэглэдэг.
-Гэрийнхнийгээ танилцуулахгүй юу?
-Аав, ээж, ах, дүүтэйгээ хамт амьдардаг. Манай аавыг Г.Сүхбуян, ээжийг Ж.Алтанцэцэг, ахыг С.Алтан-Эрдэнэ, дүүг С.Оюун-Эрдэнэ гэдэг. Манай дүү есөн сартай. Би чөлөөт цагаараа дүүгээ хардаг.
-Чи дуртай зүйлүүдийнхээ тухай яриач. Хөдөө очиж үзсэн үү?
-Амралтаараа хөдөө явдаг. Налайхад байдаг эмээгийндээ очих дуртай. Тийшээ тоглоомоо авч яваад эмээгийндээ тоглох сайхан байдаг. Миний дуртай хоол бол шпагети. Бас зураг зурах дуртай. Зургийн хичээл их сонирхолтой шүү.
-Шинэ жил болж байна. С.Номин-Эрдэнэ хайртай, дотны хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Ангийнхан, багш нар, аав, ээж, ах, эгч, дүү нартаа шинэ жилийн мэнд хүргэе. Хайртай шүү.
“Би хүүхэлдэй”
Үг: С.Ганчимэгийн
Ая: Н.Даваасүрэн,
дуулсан: С.Номин-Эрдэнэ
С.Номин-Эрдэнэ: Өөрийнхөө дуулж байхыг зурагтаар харах гоё | ||
Үзсэн: 9867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.