Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-01-03 08:47:09

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.

Хүн төрөлхтөн 2015 онтой золгоод хэдхэн хонож байна. Хоёр оны зааг дахь торгон мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ хүмүүсийн анхаарлыг багагүй татсан. Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрээс дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн мэндчилгээг ЭНДЭЭС бүрэн эхээр нь унших боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан. Улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой энэхүү хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэллээ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудас дээр тавих юм. Веб хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулна. Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан юм. Төрөл бүрийн бонд, баталгаа, ирээдүйд төв, орон нутгийн төсөвт дарамт учруулахуйц шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яаманд бүртгүүлж байж тэр шийдвэр нь хүчин төгөлдөр болох ёстой. Төрийн болон яам, байгууллагын нэрийн өмнөөс баталгаа гаргаж байгаа албан тушаалтны шийдвэр нь төвлөрсөн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай. Шилэн дансны хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, ингэхдээ олон түмний оролцоог бий болгох зэрэг талаас нь бодож хийсэн хууль юм байна.

Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргаад байна. Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасугай” гэжээ. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг тус тус ажиллуулахаар зарлигийн хавсралтад тусгажээ.


2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барилаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий болсон. Иймд 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.

Монгол Улсын  Засгийн газар 2014 оны отгон хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй давхацсан, иргэдээс авах хураамжийг өсгөсөн, төрийн албан хаагчдын орон тоог нэмсэн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяа боомтын захиргаадыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжлээ. 

Энэ долоо хоногийн даваа гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн өдөр тохиосон. Тус ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон юм. Хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, "Монгол бахархал" өргөмжлөл мөнгөн шагналаар мялаалган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа өргөлөө. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн юм.

Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар, 7-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй