Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ өчигдөр хоёр дах өдрөө үргэлжиллээ. Ажлын хэсэг “Тавантолгойн уурхай, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”, “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам” гэсэн дэд хэсгүүдэд хуваагдан хөрөнгө оруулагчаар шалгарсан Консерциумын талтай уулзалт зохион байгууллаа. Уурхай, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны Дэд ажлын хэсгийн хурлаар талууд дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, холбогдох гэрээ хэлэлцэлийг Консерциумын талд танилцуулсан юм. Тус хуралд Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь, холбогдох албаны хүмүүс болон Консерциумыг бүрдүүлж буй "China Shenhua Energy", "Sumitomo", "Энержи Ресурс" ХХК-ийн төлөөлөл байлцлаа. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дэд хэсгийн хурлаар мөн адил дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээ, хэлэлцээрийг Консерциумын талд танилцуулж, шаардлагатай мэдээллээр хангахаар тохиролцов. УИХ-ын 2014 оны 34-р тогтоол, Засгийн газрын 268-р тогтоолын дагуу хөрөнгө оруулагч тал “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барих, ашиглалтанд орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх” гэсэн үүргийг хүлээн авсан. Төмөр замын суурь бүтэц гэдэгт “Төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийг” хэлдэг юм.
Тавантолгойн хэлэлцээ хоёр дахь өдрөө үргэлжиллээ | ||
Үзсэн: 1823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.