Аав нь одоо харьж явнаа үр минь
Ажилаа дуусгаад хүү чамдаа яарч явна
Цагийн зүү арван хоёр хэдийн өнгөрсөн ч
Цагаасаа урьтаж харих завгүй байлаа
Цагаан шонхорын хүч зоригийг илтгэсэн
Цагдаагийн албанд тангараг өргөж
Мөрдөс зүүсэн төрийн элч болохоор
Мөддөө харихгүй нь гэж ээжид нь бас хэлсэн байгаа
Хууль сахиагүй хулчгар нэгний хийсэн
Хуумгай явдлыг таслан зогсоох үүрэгтэй
Хугацаа алдаж хойш тавьж боломгүй
Худлаа хэлснийг өршөөж өөгшүүлж болдоггүй ажилтай
Аавынх нь үүрэг амар амгаланг сахиулах
Амжиж хүүдээ очихоо урьтал болгож чаддаггүй юм
Ангийн хуралд чинь олон очиж баярлуулаагүй
Аавыгаа миний хүү ойлгож л байгаа байх даа
Жирийн нэг ахлагч гэж санаа амар байна гэж үгүй
Жижигхэн тооноор минь гэрэлтэй байгааг мэдэж байгаа
Ээжийнхээ үгэнд орж хичээлээ сайн хийгээд
Эхний улирлаар онц гарна гэж хичээгээрэй
Миний хүүгийн бичсэн зохион бичлэг бүрээс
Миний аав гэсэн үг олон байгааг аав нь уншсан
Аав нь хүүгийнхээ, хүү нь аавынхаа бахархал болж чадвал
Айл гэрийн амар амгалан тэр юм даа
Ийм амгаланг айл бүрт хүргэх гэж
Ирж буй аюул бүхнийг таслан зогсоох гэж
Дуудлага бүрийг амар тайван болгох гэж
Дутуу нойроо бүтэн болгох гэж амралгүй
Төрийн ажилаасаа түр амсхийж
Түвшин амьдралыг та нартаа бэлэглэхээр
Одоо аав нь харьж явна
Орчлонгийн зөв замаар алхаж явна
Хүү минь...
Аав нь одоо харьж явна... | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.