Хурдан морь цоллоочид саяхныг хүртэл нэгдсэн холбоогүй, удирдлагагүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин өнгөрөгч оноос 15 аймгийн морь цоллоочид хамтран “Монгол Улсын Үндэсний өв соёл” холбоог байгуулсан аж. Өнөөдөр энэ талаарх мэдээллийг тус холбооны төлөөллүүд олон нийтэд өгсөн юм.
Одоогоор Монголд морь цоллодог 115 хүн байдаг гэх албан бус тоо байгааг цоллоочид хэлж байна. Түүнчлэн жил ирэх бүр морь цоллох хүмүүсийн тоо буурч байгаа төдийгүй, шинээр морь цоллож буй хүмүүс цолоо буруу дуудах гэх мэт алдааг гаргадаг гэж байв.
Тус холбооны тэргүүн Б.Дарханням “Морь цоллоочдынхоо эрх ашгийг хамгаалах, энэ уламжлалыг хадгалж, үр хойчдоо өвлүүлэх үүднээс энэхүү холбоог байгуулсан. Ер нь морь цоллоочдын тоо цөөрч байгаа нь үнэлэмж буурснаас шалтгаалж байна. Дээр нь шинээр гарч байгаа цоллоочдын чадвар муу байдаг. Жишээлбэл, морь цоллооч нэг насыг 5000 төгрөгөөр цоллодог. Хэн 5000 төгрөг авахын төлөө 50 мянган төгрөг зарцуулж ирэх юм бэ. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар л гэхэд морь цоллосон 20 мянган төгрөгөө авах гэж 24 цаг хөөцөлдсөн. Ер нь дөнгөж цоллосныхоо дараа мөнгөө авна гэж бараг байдаггүй. Наадмын комисс нь биднийг нэг удаагийн салфетка шиг үзээд, үнэлээд байхаар залуу хойч үе үүнийг үргэлжлүүлэх сонирхолгүй болчихоод байна. Үнэлэмжийг нэмэгдүүлэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс бид энэ асуудлаар тухайн үед ССАЖ-ын сайд байсан Ц.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт албан бичиг хүргүүлсэн ч одоог хүртэл ямар нэгэн хариулт аваагүй л сууж байна. Бид сүүлдээ арга ядаад албан бичигт хариу өгөхгүй бол ирэх долоодугаар сард Улсын баяр наадмын хурдан морьдыг цоллохгүй гэж бодож байгаа. Тэгээд нэг жил морио цоллохгүй, хурдан морьдоо алдаршуулахгүй байгаад үзэг. Хамгийн гол нь цоллоочдын үнэлэмжийг нэмэгдүүлж, тэдэнд анхаарал тавьж, монгол ёс уламжлалаа алдахгүй байгаасай гэж хүсч байна” гэж ярилаа.
Тэдний байр суурийг хурлын бичлэгээс үзнэ үү.
Б.Дарханням: Албан бичигт хариу өгөхгүй бол Улсын наадмаар бид морь цоллохгүй | ||
Үзсэн: 3359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.