
Өнгөрөгч сарын 29-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод Хойд Солонгосын 40 тонны даацтай “Ilyushin Il-76” тусгай тээвэрлэгч онгоц бууж, амьд үхэр тээвэрлээд буцсан талаар зарим мэдээллийн хэрэгслээр ярьж, бичих болсон. Энэ талаар олон янзын таамаг болоод тодорхой бус мэдээллүүд цацагдаж байгаа тул иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс тус аймгийн удирдлагууд болоод зарим эх сурвалжаас тодрууллаа.
Нэн түрүүнд энэ талаар тодруулахаар тус аймгийн Засаг дарга С.Ганбаттай холбогдох гэсэн боловч тэрбээр утсаа авсангүй. Харин аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Батболд “Манай аймагт Хойд Солонгосын онгоц буусан талаарх мэдээллийг бид твиттэрээс л мэдсэн. Засгийн газар болоод БНАСАУ-ын хоорондын яриа, хэлэлцээрээр шийдэгдсэн асуудал байх. Бидэнд онгоц бууна гэсэн ямар ч албан мэдээлэл ирээгүй. Гэхдээ буусан нь үнэн юм шиг байна гэхээс илүү мэдээлэл бидэнд алга” гэсэн бөгөөд тэрбээр “Засаг дарга ч мөн адил ийм мэдээлэлтэй байгаа” хэмээн ярьж байв.
Харин Дорнод аймгийн Нисэх газрын дарга энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Аймгийн иргэдийн ярьж байгаагаар нисэх онгоцны буудал нь аймгийнхаа төвөөс 10 гаруй км-ийн зайтай байрладаг аж. Онгоц ирсэн гэх тэр өдөр Хойд Солонгосын онгоцыг харсан хүн нэг ч байхгүй байгаа юм. Холбогдох албаныхан мэдээлэл өгөхөөс цааргалж байсан учраас тус аймгийн “Тв6” телевизтэй холбогдлоо. Тус телевизийн мэдээний албаны сэтгүүлч Ц.Батцэцэг “Бид ч энэ мэдээллийг сүүлд нь мэдсэн. Өөр улсын онгоц ирэх талаар бидэнд ямар ч мэдээлэл байгаагүй. Аймгийнхаа удирдлагуудаас лавлахаар энэ талаарх мэдээллийг өгөхгүй гэж байгаа. Хүмүүсийн ярьж байгаагаар онгоц ирсэн гэж байгаа ч түүнийг харсан хүн алга. Уг нь тийм том онгоц ирэхэд ядахнаа онгоцны буудалтай ойр нутагладаг малчид харсан баймаар. Гэвч одоогоор тийм хүн алга. Бас нэг эргэлзээ төрүүлж байгаа зүйл нь нисэх онгоцны буудал нь манайх мөн үү гэдэг. Буудлын зүйлс олигтой харагдахгүй байна. Түүнчлэн ойрын үед манайд ийм хэмжээний цас орсон эсэх талаар бид бас ярилцаж байна. Бид илүү зүйл мэдвэл буцаж холбогдох болно” гэлээ.
Харин “Дорнод” телевизийн сэтгүүлч Д.Золбаяр “Нисэх буудал аймгийн төвөөс хол болохоор ирсэн эсэхийг харсан хүн байхгүй байгаа байх. Ер нь нууцын зэрэглэлтэй үйл ажиллагаа байсан болохоор хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй гэх зүйлийг удирдлагууд ярьж байгаа. Нисэх буудлын удирдлагууд ч ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн” гэж ярилаа.
Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны аравдугаар сард Хойд Солонгост айлчлахдаа хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэд, хэдэн гэрээ хэлэлцээрийг хийсэн. Энэ үеэр Хойд Солонгосчууд Монголоос малын мах болон бусад түүхий эд авах саналтай байгаагаа хэлж, манайхаас үхэр, мал авч нутагшуулах талаар ярилцсан билээ. Манай тал ч уг саналыг хүлээн авсан юм. Энэ дагуу тэд ирж өөрийн нутагт нутагшуулах малаа аваад буцсан гэх мэдээлэл цахим ертөнцөд тарсан.
Хэдийгээр хоёр улсын гэрээ хэлэлцээр, нууцын зэрэглэлтэй байлаа ч олон нийтээс нууцалж, мэдээллэхээс цааргалах шалтгаан юу байв. 40 тонны даацтай онгоц аймагт нь буугаад буцахад аймгийн удирдлагууд мэдэхгүй байх боломж бий юу. Хэрэв тийм боломж байдаг бол тэдэнд борлуулсан үхрийг хэн хүлээлгэж өгсөн бэ гэх асуулт урган гарна. Үүнд хэн хариулт өгөх вэ.
Дорнод аймагт Хойд Солонгосын онгоц буусан уу | ||
Үзсэн: 2069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.