Шууд Chart

Орон нутагт спортын анхны төрөлжсөн сургууль нээгдэнэ

2015-01-08 12:03:48

Монгол Улсад жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт баригдаж байгаа. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус аймаг улсдаа бөхийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Үндэсний болоод чөлөөт, жүдо бөх түүнчлэн сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, бадментоны гээд үе үеийн тамирчдын залгамж халааг бэлдэх, түүхэн уламжлалаа хадгалах, тив дэлхийн зиндааны тамирчдыг төрүүлэх, спортын амжилтуудаа бататган ахиулах, алдаршуулахын тулд энэхүү спортын төрөлжсөн сургуулийг санаачилсан. Улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Хера констракшн" ХХК өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор дотоод заслын ажлууд үлдсэн байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах боломжтойг хэлж байгаа бөгөөд ажил явуулахад халаалтын асуудал хүндрэлтэй байгааг аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Харин аймгийн зүгээс халаалтын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх ажлын хэсгийг гаргасан бөгөөд улсын хэмжээний жишиг сургууль ашиглалтад ороход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Сургууль нийт 320 хүүхдийн суудалтай бөгөөд бөхийн төрөлжсөн гурван стандарт заал, тус бүртээ саун, халуун усны өрөөгөөр тоноглогдсон байхаас гадна бусад спортын төрлүүдийн зориулалтын өрөө тасалгаанууд зураг төслийн дагуу хийгджээ. Спортын гүнзгийрүүлсэн сургууль нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах учраас дэргэдээ 100 хүүхдийн ортой дотуур байрыг ашиглалтад оруулах юм. Дотуур байр нь дэд бүтцэд холбогдсон, тохилог өрөө тасалгаа, зориулалтын хоолны заал, номын сан зэрэгтэй байх ажээ. Сургуулийн гадаах 5 га газарт спортын зам талбайг иж бүрнээр нь тохижуулах ажлыг мөн гүйцэтгэх юм. Архангайн хүүхэд багачууд удахгүй спортын төрөлжсөн, тохилог сургуульд хэрэгцээтэй техник хэрэгсэлтэйгээр мэргэжлийн ур чадвартай багш, дасгалжуулагчдаар хичээл заалгаж, амжилтаа ахиулах үүд хаалга ийнхүү нээгдэж байна.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Орон нутагт спортын анхны төрөлжсөн сургууль нээгдэнэ   
Үзсэн: 2028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй