Шууд Chart

СГЗ Д.Нямаа: Энэ сэтгүүлийг би ч ганцаараа гаргадаггүй юм л даа

2015-01-09 09:37:21

СГЗ Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Данзангийн Нямаатай Монголын Зохиолчдын байгууллага үүсч байгуулагдсан өдрөөр ярилцлаа.

-Юуны өмнө баярын мэнд хүргэе. Өнгөрч байгаа онд уран бүтээлийн ургац их байв уу?

-Их ээ, их. “Хүн гараг тэргүүт АРААЖАВ ЦАДИГС” нэртэй номоо гаргалаа. Энэ бол Монголын радиод 34 жил ажилласан уран бүтээлийн минь тайлан юм. Радиогийн бүх л төрөл жанраар бичжээ, тэмдэглэл, найруулал, хөрөг, эсээ, нийтлэл, жүжиг гээд л “радио роман” гэдэг төрлөөр л бичээгүй юмдаг уу, бас Т.Баасансүрэн зохиолчийн эрхлэн гаргадаг “шилдэг нийтлэл- 99” цувралд боть минь бэлэн болж хэвлэлд шилжлээ. За тэгээд хамгийн гол нь нэг тийм гоё эрхэмсэг тод мөрөөдлөө биелүүлж “Улирал ба Зохиолч” сэтгүүлээ гаргаж уран зохиолд дуртай уншигчдынхаа гар дээр тавилаа. Хавар, зун, намрын дугаар минь нэгэнт уншигчдын гар дээр очсон.  Өвлийн дугаар минь дөнгөж сая гарлаа. "Монгол шуудан" компани дээр очоод захиалагчиддаа илгээчихлээ.
-Ингэхэд тэгээд өвлийн дугаарт чинь  хэний ямар, ямар бүтээлүүд оров?
-Бүгдийг нэрлэвэл барагдахгүй ээ. Заримаас нь хэлье, эрдэмтэн, яруу найрагч   Х.Сүглэгмаагийн “ Эрдэмт Монгол хүмүүний-ОЮУН ТҮЛХҮҮР” эсээ, түүхч, зохиолч Т.Мандирын “Сайн эрсийн наадаан” гэсэн туурь, С. Эрдэнэ зохиолчийн захидал, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын шинэ шүлгүүд, Францын зохиолч ГИ ДЕ МОПАССАНЫ болон Б.Догмидын өгүүлэгүүд, Нобелийн шагналт яруу найрагч   И.Бродскийн   маш сонирхолтой ярилцлага, за тэгээд Монгол туургатан найрагчдын шүлгүүд гээд тоочоод байвал ч ...
-2015 оны хаврын дугаар чинь хэзээ гарах вэ?
-Хаврын дунд сардаа гарна. Өөрөөр хэлбэл, 3-р сарын дундуур гарчихна аа. Бусад нь ч бас зуныхаа, намрынхаа өвлийнхөө дунд сардаа л хугацаандаа гарна даа. 
- Ер нь зүгээр л  уран зохиол уншмаар байна. Энэ сэтгэлийн  минь зарлигийг  таны эрхлэн гаргадаг “Улирал ба Зохиолч” сэтгүүл бүрэн төгс хангадаг юм. 
-Баярлалаа. Энэ сэтгүүлийг би ч ганцаараа гаргадаггүй юм л даа. Зөвлөлийн минь гишүүд гээд утга зохиолын мундагчуул, доктор, профессорууд, утга зохиолын судлаач шүүмжлэгч нар байна. Уран зохиолд дуртай уншигчид байна, за тэгээд, хамгийн сайн уран бүтээлээ сэтгүүлд минь илгээдэг зохиолч нөхөд минь байна. Үүн дотроос энэ баярын өдөр хэд хэдэн анддаа баярласнаа дуулгах учиртай. “Улирал ба Зохиолч” сэтгүүл ийн аян замын өлзий мөрд өөр өөрийн ач буянаа хүргэсэн эдүгээ БОНХАЖ-ын дэд сайд, яруу найрагч М.Хүрэлсүх, “Номин Холдинг” группийн зөвлөх Худалдааны гавьяат ажилтан, зохиолч, яруу найрагч А.Шагдарсүрэн, “Газарчин” дээд сургуулийн захирал, доктор, профессор, яруу найрагч А. Дамдинбазар, “Жиком пресс” хэвлэлийн газрын захирал, утга зохиол судлаач, докторант Д. Ганболд, зураач, барималч доктор С.Бадрал, авьяаслаг, залуу орчуулагч Г.Лхагвадулам нартаа баярлалаа. Түмэнтээ талархан мэхийе. Бас сэтгүүлийг минь гарсан даруйд уншигч түмэнд минь хамгийн түрүүнд мэдээлэл хүргэдэг таны сайтын хамт олонд баярладаг шүү.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

СГЗ Д.Нямаа: Энэ сэтгүүлийг би ч ганцаараа гаргадаггүй юм л даа  
Үзсэн: 1994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй