Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншаарай.
Энэ долоо хоногт УИХ-аар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан Засгийн газраас төсвийн тодотголд хэд хэдэн өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг тухайн өрхийн орлого болон амьжиргааны түвшинг харгалзаж байж өгөх, одонтой эхчүүдийн мөнгийг бага хүүхэд нь 18 нас хүрэхэд зогсоох, малын хөлийн болон бууны албан татвар оногдуулдаг болох, Төрийн албанд ажилласан хүмүүст олгодог 36 сарын цалинг ажилласан жилийг нь харгалзаж байж олгох, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн татварыг нэмэгдүүлэх гэх мэт заалтууд оруулаад байна.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. Энэ зардалд улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг тусгагддаг байна. Монголын оюутны холбоо оюутан суралцагчдынхаа санал санаачилга болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан “Уриалга” гаргаснаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзахдаа танилцуулсан юм. Оюутнуудын гаргасан уриалгыг ЭНДЭЭС уншаарай.
Манай орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож, жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн ч мөсний даац хангалттай бэхжээгүй байгааг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Өвлийн дунд хэдийнэ гарсан ч цаг уурын дулаан уур амьсгалаас шалтгаалан өмнөх жилийн мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр голын мөсөн дээгүүр явахгүй, баталгаатай зам гүүрээр зорчихыг анхааруулав.
Эрчим хүчний зохицуулах хорооноос ахуйн хэрэглэгчид болоод үйлдвэр, ах ахуйн нэгж болон бусад байгууллагад борлуулах дулааны тарифыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох журмыг шинэчлэн тогтоожээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын онгоц бууж, үхэр ачаад явсан гэх мэдээлэл энэ долоо хоногт цахим ертөнцөөр багагүй маргаан дэгдээлээ. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу БНАСАУ-ын онгоц Дорнод аймагт газардсан. Онгоц газардах зөвшөөрөл болоод үхэр өгөх ажил хэлэлцээрийн дагуу явагдсан. Олны яриад байгаа шиг өөр улсын онгоц гэнэт орж ирээд үхэр ачаад явсан юм биш. Бүх явцыг Засгийн газар мэдэж байсан. Зардлыг манай Олон улсын хамтын ажиллагааны төслөөс гаргасан. Яг хэдий хэмжээний санхүүжилт зарцуулсныг хэлж мэдэхгүй байна. 104 үхрийн мөнгө өгсөн. Цаашдаа ч энэ ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө байгаа. Төсвийн хүндрэлтай байдлаас болоод энэ жилдээ дахиж явуулах боломжгүй болж байх шиг байна. Хэлэлцээрээр 10 мянга хүртэл тоо толгой мал явуулахаар тохиролцсон. Гэхдээ дан ганц үхэр биш, хонь, ямаа ч явуулна. Өөр олон улсын байгууллагууд энэ ажилд оролцож байгаа. Жишээлбэл, НҮБ-аар мал тээвэрлэх ажлын замын зардлыг даалгах талаар өнгөрсөн жилээс ярилцаж байна” гэж ярьсан юм.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.