Шууд Chart

“Бумбардай” үлгэрийн баатар МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн нүүр царай болно

2015-01-10 14:58:02

Засгийн газрын дэмжлэгтэйгээр хүүхдийн 108 цуврал “Бумбардай” зурган ном бүтэж байгаа. Түүх, соёл, уламжлалын талаар өгүүлдэг тус үлгэрийн баатар “Бумбардай”-г МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн шинэ нүүр царай болгох зохиолч уран бүтээлчдийн саналыг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь хүлээн авчээ. Энэ талаар “Бумбардай” номын зохиогч, зураач Н.Эрдэнэбаяр “Бумбардай төслийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр эхлүүлээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Одоогоор номын есөн цуврал бэлэн болоод гурвыг нь худалдаанд гаргачихсан байгаа. Тун удахгүй мэндлэх Монгол Улсын 3 сая дахь иргэнд зориулсан дөрөв дэх цуврал гарахад бэлэн болсон байна. Бид одоогоор МҮОНРТ-тэй хамтран ажиллах албан бичгээ хүргүүлээд таатай хариу авсан.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд “Бумбардай” нэртэй радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр холбогдох уран бүтээлчидтэй ярилцаж байна. Энэ сардаа багтаагаад бодлогын чанартай зарим зүйлсийнхээ талаар ярьж, төлөвлөөд 2015 ондоо багтаагаад уран бүтээлдээ орох бодолтой байгаа. Гэхдээ одоохондоо яаж хамтран ажиллах вэ гэдэг маань ярилцах түвшинд байна. Ирэх долоо хоногоос дараагийн уулзалтууд зохион байгуулагдаж, илүү олон ажлын талаар ярилцах байх” гэлээ.

Түүнээс яагаад МҮОНРТ-тэй хамтарч ажиллах санал тавьсныг тодруулахад “МҮОНРТ Үндэсний гэх тодотголтой, олон нийтийн статустай цор ганц байгууллага. Тиймээс үндэсний өв соёл, уламжлал, танин мэдэхүйн талаар өгүүлдэг “Бумбардай” цувралын баатар “Бумбардай” үндэсний баатар гэдэг утгаараа Үндэсний телевизийн үндэсний баатар байвал зүгээр юм байна гэх бодол төрсөн учраас энэ саналыг тавьсан. “Бумбардай” төсөл маань 20 жил үргэлжлэх том ажил. Төслийн хүрээнд томоохон олон ажил зохион байгуулагдана” гэсэн юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Бумбардай” үлгэрийн баатар МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн нүүр царай болно  
Үзсэн: 4950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-12 17:06
Авъяаслаг залуу шүү амжилт

Бидэнтэй нэгдээрэй