Шууд Chart

Зохиолчдын хөргөөр үзэсгэлэн гарна

2015-01-13 10:33:55

Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нарын хамтарсан Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн "12" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-25-ны хооронд дэлгэгдэх гэж байна. 

Тэд энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь “12” төслийн хүрээнд хийгдэж буй анхны үзэсгэлэн юм. “12” төсөл нь Монголын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, уран зураг, хөгжим, бүжиг гэх мэт аливаа улсын оюуны болон соёлын салбарыг авч явдаг эрдэмтэн мэргэд, зохиолчид, судлаачид, яруу найрагчид, соёлын зүтгэлтнүүдийн хөрөг зургийг буулгаж ард түмэндээ дэлгэн таниулж, монголынхоо ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ, бяцхан дүү нартаа, оюутан сурагч нарт харуулж, таниулах зорилготой төсөл юм.

Анхны төслийн сэдэв маань “Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчид” гэгдэж байгаа бөгөөд, утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчдын хөрөг зургийг буулгаж олноо танилцуулах гэж байна. Эдгээр зохиолчдын хөрөг зургууд нь монгол улсын өнцөг булан бүрт байрлах аймаг орон нутгуудын сургуулиудын утга зохиолын тэнхимд дурсгал болгон өгөгдөх болно.

Ингэснээр бид хойч үе болсон хүүхдүүддээ монголын утга зохиолын алдартан, суутнуудыг харж, сэтгэлдээ хоногшсон зохиолыг нь уншиж, уг зохиолч маань ямар дүр төрхтэй хүн байсныг мэдэх болно. Хүний хамгийн гол дурсамж нь визуал мемори буюу харсан юмаа ойн санамжиндаа буулган хадгалах замаар бий болдог бөгөөд, бид өвөг эцэгдийнхээ нүүр царай, дүр төрхийг, түүхэн хүмүүсийн нүүр царай, дүр төрхийг ч гэсэн бидэнд үлдээсэн гэрэл зураг, уран зураг, гэрэлт хөшөө дурсгалуудаас мэдээлэл авч төсөөлөлдөө дүр төрхийг нь мөнхөлдөг.

Ийм боломж тэр болгон байгаагүйгээс болоод бид олон зүйлийн талаар буруу төсөөлөлтэй байдаг.
Манай “Улаанбаатар” гэрэл зургийн газар нь энэхүү хэд хэдэн үетэй төслийг санаачлан гаргаж, гүйцэтгэж байгаагаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хойч үедээ өөрсдийн ажил үйлс, мэргэжлээрээ жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Бидний хөрөг зургуудад элдэв чимэг, маяг байхгүй бөгөөд, бид зохиолчдын байгаа төрхийг буулгаж, байгаа харц, дүр төрхөөр нь өгүүлэмж бий болгохыг зорьсон болно.

Эдгээр ардын уран зохиолчид, төрийн соёрхолтууд, соёлын гавьяат зүтгэлтнүүд нь амьдрал дээрээ ямар энгийн дүр төрхтэй, эгэл жирийн хүмүүс байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон юм. Мөн эдгээр ажлуудаараа манай “Улаанбаатар” гэрэл зургийн газар нь уран бүтээлийн гараагаа эхлэж байгаагаа тунхлан зарлаж байна гэж хэлсэн юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Зохиолчдын хөргөөр үзэсгэлэн гарна  
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй