
БНХАУ-ын Шаньдун мужийн Хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох гэж байсан гурван настай охиныг аварсан талаар Хятадын төв телевиз мэдээлсэн байна. Цагдаагийн байгууллагынхан өмнө нь 37 хүүхдийг аварч байсан аж. Өнгөрсөн мягмар гарагт цацагдсан мэдээнд “Охидыг бодвол хөвгүүд өндөр үнээр зарагддаг бөгөөд тэднийг худалдан авагчид том цүнхэнд хийж тээвэрлэдэг” гэж дурджээ. Харин цагдаагийнхны аварсан охиныг гоймон, хүнсний ногооны үлдэгдлээр хооллож байсан гэнэ. Тус хэрэгт холбогдуулан 103 хүнийг сэжигтнээр бүртгэж, баривчилсан байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагынхан бүлэг этгээдүүд жирэмсэн эмэгтэйчүүдийг "онилсон" байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Учир нь өнгөрсөн долоодугаар сард цагдаагийнхан мөн энэ төрлийн хэргийн мөрөөр орж шалгалт хийхэд Жинин хот дахь ажиллахаа больсон үйлдвэрт “Төрөх өрөө”-г байгуулсан байжээ. Энэ талаар Хүн худалдаалахын эсрэг газрын захирал Chen Shiqu “Хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд аргаа улам нарийсгаж байна. Зарим гэмт бүлэглэлүүд удахгүй төрөх гэж байгаа бүсгүйчүүдийг өөр хот руу нүүлгэн аваачиж, төрснийх нь дараа хүүхдийг нь зарж борлуулдаг гэх таамаглал байгаа” гэж ССТV-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-ын цагдаагийн алба хаагчид вэб сайтаар болоод цахим шуудангаар хүүхдүүдийг зарж борлуулдаг мянга гаруй хүнийг баривчилсан байна. Түүнчлэн 2014 онд эх баригч эмч ээж, аавд нь хэлэлгүйгээр дөнгөж төрсөн нярайг худалдах гэж байсан тохиолдол ч гарсан билээ.
БНХАУ-ын төр засаг Хүний наймаа, хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд гол анхаарлаа хандуулж байна.
Хүний наймаанд зарагдах гэж байсан охиныг аварчээ | ||
Үзсэн: 2733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.